Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхлэгчидтэй уулзжээ. Манай улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2024 оны жилийн эцсийн байдлаар эл чиглэлд 2923 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсны 64.1 хувь нь Улаанбаатарт байв. 43.3 мянган хүн ажиллаж байгаагийн 72.2 хувь нь эмэгтэй бөгөөд нийт ажиллах хүчний 3.2 хувийг эзэлжээ. Салбарын орлого 2024 оны эцэст 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 14.8 хувиар, суудлын тоо 75.8 мянга болж, дөрвөн жилд 78.8 хувиар өссөн аж. Харин орлогын 80 гаруй хувийг нийслэлээс төвлөрүүлсэн нь орон нутгийн хөгжил, тэгш хүртээмжийн асуудлыг хөндөж буй юм. ХХААХҮЯ-ныхан болон бусад байгууллага оролцсон дээрх уулзалтаар хоол үйлдвэрлэл бол зөвхөн нэг салбарын асуудал биш, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, соёлын өвийн тухай чухал ойлголт гэдгийг онцоллоо. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжихгүй, илүү аюулгүй, хариуцлагатай, үндэсний онцлогтой, өрсөлдөх чадвартайгаар хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв. Түүнчлэн монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг зөвхөн дотоодын хэрэглээний зах зээл гэж харалгүйгээр, үндэсний онцлог, соёл, чанар, аюулгүй байдал, зочломтгой үйлчилгээ хосолсон экспортын чадамжтай салбар болгон хөгжүүлэх нь чухал гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дурдлаа.
С.Цэрэн