Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 60 дугаар тогтоолоор Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн тэгш ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд ач охин МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга, доктор Б.Цэцэнцолмон өнгөрсөн гуравдугаар сард ойн хүрээнд олон үйл явдлыг удирдан зохион байгуулсан юм. Түүний дурсамжийг уншигчдадаа хүргэж байна.
Б.ЦЭЦЭНЦОЛМОН
Хуудасхан цаас жаал хүү аваад
Хурмаст тэнгэрийг нартай нь зураад
Нарны зургийн нэгээхэн доор
Нанжнаа хичээн бичихдээ
Энэ нар үүрд мандаж байг
Тэнгэр маань ч мөнх цэлмэг байг
Ээж минь ч үүрд урт насалж байг
Тэгээд би ч мөнх байж байг...
Энэ дууг даган аялахад цаг хугацаагаар аялуулан хүүхэд насны дурсамжид хөтөлнө. Л.Ошаниний шүлэг, А.Островскийн хөгжим “Наран үүрд мандаг” хэмээх энэ дуу сэдэв агуулга, өнгө аясын хувьд социализмын үеийн уур амьсгалыг шууд санагдуулам ч хурмаст тэнгэрийн энтэй өвгөн ааваа дурсан өгүүлэх би хаанаас эхлэхээ мэдэхгүй бяцхан жаал хүү мэт өөрийгөө санан сууна. Тэнгэр цэлмэж, наран мандаж байх нь цагийн аясаар үл хувирах хүний үүрдийн хүсэл учир өөрийнх нь орчуулгаас эшлэн энэ дуугаар нэрийдсэний учир ийм буюу.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын билиг зүйч, яруу найрагч Жамцын Бадраагийн намтар бүтээл, үйл хэргийг түмэн олон бэлхнээ мэдэж, дуу шүлэг бүр нь цээжнээ ил явдаг тул энэ тухай үл нуршин өгүүлж, өөрийнхөө нүдээр өвөөгөө хэрхэн дурсан санаж буйгаа хуваалцъя гэж бодлоо.
“АРДААН ДЭЭДЛЭХ УЛИРАЛ”-ЫН ЭЗЭН
Бага байхад өвөөтэйгөө гудамжаар явахад алхам тутамд хүн зогсож, яриа өрнүүлээд зам хордоггүй сэн. Сургуульдаа хүргүүлж явахад, хүн зогсоогоод ярих бүрд хоцрохоос айж, яарсан би “ямар олон хүн таньдаг юм” гэж тээршээн боддог байж билээ. Хожим оюутан болоод Чой. Лувсанжав багштан цагтаа их харам, хүнтэй ярьж цаг алдахгүйн тулд хүнгүй газар сонгон алхдаг байсан тухай сонсоод өвөө цагаа тэгж хэмнэж байхгүй дээ гэж бодож байсан сан.
Өвөө, эмээ бид гурав дуурь, концерт, тоглолт тогтмол үзнэ. Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд концерт үзэж явтал ээлжит нэгэн хүн өвөөтэй минь ярьж зогслоо. “Энэ миний ач охин, чиний төгөлдөр хуурын зохиолыг дарж сурч байгаа” гэхэд анхилуун ус ханхлуулсан нөгөө хүн уриалгахан нь аргагүй памбагар зузаан гараа өгч, “Хангал” гээд “Ямар нэртэй зохиол вэ” гэж асуухад хэн гэдгийг сая ойлгосон би сандарч тэвдэнгүй “Модон морь” хэмээн хариулав. Тэр хүн дахиж лавлан асуугаад, тийм бүтээл бичсэнээ ч санахгүй байгаа мэт харагдаж билээ. Хөгжмийн төрөл бүрээр олон арван бүтээл туурвисан тэр том хөгжмийн зохиолч бага ангийн хүүхдийн зохиолыг санахгүй байсан ч байж мэднэ. Цээжинд минь баяр дүүрч, үнэр нь арилчих вий гээд тэр оройдоо лав гараа угаагаагүй санагдана. “Хөгжмийн зохиолч З.Хангалтай гар барьж явлаа” гэвэл надад одоо итгэх хүн байхгүй дээ. Харин өвөөг саатуулж, олон яриа дэлгэхэд хүлээж яддаг би тэр удаад сэтгэл дүүрэн маадгар зогссон юм.
“Ардын урлаг судлаач”, “ардын билиг зүйч” хэмээн тодорхойлуулахын учир нь үндэсний өв, соёл, уламжлалыг таньж, түүнийгээ сурталчлан таниулахад хатуу итгэл үнэмшлээр тууштай зүтгэж байсных билээ. “Ард”, “ард түмэн” гэдэг ойлголт үеийн үед улс төрийн нөлөөтэй, улс төрчдийн ашиглаж ирсэн нэр томьёо юм. Харин Ж.Бадраагийн хувьд уламжлалт соёл, зан заншлыг таягдан гээхээс эмээж, “хэлбэр маяглал төдийгөөр биш, амьдралын хэвшлээр сэргээх”-ийг чухалчлан, авьяас билигтнийг хүндэтгэх эрхэм зорилгоороо “ардаан дээдлэх” чин сэтгэлтэй явжээ.
Социалист орчин үежүүлэх үйл явцын нөлөөгөөр уламжлалт урлагийн хэлбэрийг тайзны уран сайханд нийцүүлэн хэвшүүлсэн тэр цаг үед “Язгуур урлагийн их наадам” (1983, 1988) зохион байгуулж, аймаг бүрээр явж ардын авьяастнуудыг судалж, “Ардын дуу хуур” телевизийн нэвтрүүлэг хийж байсан нь олон нийтийн анхаарлыг эл сэдэвт хандуулж, идэвхжүүлсэн хэрэг. Улс орны өнцөг, булан бүрээс ард түмэн захидал ирүүлж, ойр тойрон, хажуу хавиргадаа байгаа онцгой содон дуу хөгжмийг анхааран сонирхох, олж таних, өөрсдөө сурч бүтээх, зөвлөгөө авах гэсэн санал, хүсэлтээ илгээж байжээ. Хагас зуун шахуу дараатай байсан тэдгээр захидлыг удахгүй эмхэтгэн хэвлүүлж өнөөгийн уншигчийн гарт барих гэж буй би өвөөгийнхөө үйл хэргийг нэхэн ухаарч сууна.
“Утга зохиол, урлаг” сонины 1988 оны арванхоёрдугаар сарын 2-ны дугаарт хэвлүүлсэн “Ардаан дээдлэх улирал ирвэй” хэмээх нийтлэлдээ өөрчлөн байгуулалтын зорилтод өөрийн саналаа нэмэрлэхдээ Х.Чойбалсанг тахин шүтэх хор уршгаас гадна И.Сталины “түлхүүрээр” хөдөлснийг тодорхой заахыг шаардаж, Х.Чойбалсангаас хойших гучин зургаан жилийг хэн хариуцахыг нэхэж, ардын урлаг, авьяас билигтний тухай үг, үсэг дутсаныг сануулжээ. Түүнчлэн “ард маань тун ч хөөрхийлөлтэй болоо юу даа”, “бэлчээрийн нь мал пүнзний мал болж”, боловсронгуй бичиг эрдмээ “мэдлэг мөхөс үсгийн дүрмийн овоохойгоор солилоо”, “нийт олноо, нийгэм улсаа гэх нь бүү хэл, нэг нь нөгөөгөө гэх сэтгэл хомсхон болчихсон” хэмээн ширүүн шүүмжилж “шуугиан тарьж”, эх хэл, ардын билиг, уламжлалт соёлынхоо төлөө дуу хоолойгоо цогтойгоор хүргэж байв.
Ардын уран зохиолч, зураач, доктор Ж.Саруулбуянтай ярилцсан өвөөгийн минь сүүлийн ярилцлага 1993 оны наймдугаар сарын 6-нд “Ардын эрх” сонины хуудаснаа эмгэнэл, “Бор голын харз”, “Хөхөө” хэмээх сүүлчийн хоёр шүлэгтэй хамт “Ардаараа дээдлэх улирлын өнгө” хэмээх гарчигтайгаар хэвлэгдсэн юм.
ИМПРЕСАРИО
1987 оны намрын нэг өглөө цэцэрлэгийн хүүхдүүд жагсаж, дасгал хийнэ. Халуун нар шарсан өдөр. Нүднээс өөрийн эрхгүй нулимс бөмбөрөөд, хажуудах хүүхэд, багшид харуулахгүй гээд газар ширтэнгээ гараа савлан дасгалаа хиймэр аядна. Уйлсны шалтгаан бол урьд өдөр нь өвөө Америк гэдэг “аймшгийн” улс руу явсных юм. Буудуулчих вий, буцаж ирэх болов уу гэсэн айдаст автаад уйлна. Орой гэртээ өвөөгийн суудаг буйдан дээр хэвтээд уйлна. Толгой дээр радио дуугарч, шилэн дотроос юм уу, хамраа чимхээд ярьж байгаа юм уу гэмээр бөглүү гуншаа хоолойгоор “Москвагаас ярьж байна”... Араас нь “наа на на наа нана” гэсэн уг нь хөгжилтэй цоглог ая шиг боловч тавлан шоолох мэт зэвүүн сонстдог сон. Америкаас тийн айсан нь Херлуф Бидструпийн шог зургийн цомгоос болсон байх. Б.Наранзун ахтайгаа тэр номыг дандаа үзнэ. Өндөр бүрх малгайтай, бүдүүн навчин тамхи зуусан, цамцны товч тас татах шахсан гүзээ, ярзайсан зэвүүн царайтай эрс. Бөмбөг, пуужин, буу, шийдэм.
Монгол-Америк хоёр орон дипломат харилцаа тогтоосны дагуу Азийн нийгэмлэгийн дэмжлэгээр монгол ардын хөгжмийн хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулжээ. Өвөө Америкийн 11 хотоор лекц, концерт хийсэн аяллыг ахлан явсан юм. Явж ирээд бичсэн тайландаа хэд хэдэн санал тусгасны дотор “Гуравдахь оронд монгол ардын язгуур урлагийн бичил хамтлаг чадамгай авьяастан сайчуулаар бүрдүүлэн явуулж байх”, “Түүгээр валют олж болно, чадна, тэгж ч ашиглах ёстой”, “Гадаадад аялах хамтлаг, чуулгын үзүүлбэрийн хөтөлбөрийг боловсруулах, бүх бэлтгэлийг нь хангах одоогийн хоцрогдсон арга барилыг даруй өөрчлөх”, “Америк монгол хөөмий сурахын босгон дээр, хятад лимбэний битүү амьсгаа сурахын үүдэн дээр очсон байна” гэжээ.
1980-аад оны захидал харилцаанаас нь харахад олон улсын угсаатны хөгжим судлалын баг бүрдүүлэх, экспедиц зохион байгуулахыг эрмэлзэж байсан нь харагддаг. Зөвлөлтийн угсаатны хөгжим судлаач И.А.Богданов-Бродский, Английн Андреа Никсон нартай идэвхтэй хоёрдугаар сарын 28-нд авчээ. Гэрчилгээнд “гадаад орнуудад олон улсын чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурал чуулган, эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагаа, ардын авьяастны тоглолт үзүүлбэр, аялал зохион байгуулах болон ур дарх, үйл урлалын бүтээгдэхүүн экспортлох” хэмээн заасан байдаг. Чухамдаа нэг хүний санаа зорилгоор хэчнээн арвин үйлс бүтээл өрнөж болдгийг ойлгуулна.
1991 онд Тайваньд аялж, тэдний радиод “Дуртмал сайхан”, “Дэлтэй цэнхэр” уртын дуу дуулан бичүүлсэн юм. Энэ аялалд Тайванийн монгол, нэрт зураач, зохиолч Ши Мөрөн туслан хөтөлж, мөн Тайванийн монгол Түвшинбаяр хэлмэрч хийжээ. Хожим Ши Мөрөн гуай энэ тухай дурсан бичихдээ “Өвгөн Бадраа авгай бичлэгийн их танхимын голд, монгол дээлээ өмсчихсөн зогсохдоо эрхэмсгээр толгой өргөн байж дуулах нь яг л өнөөх хонгор галуутай ярилцагч хээр талын өвгөн шиг, яг л өнөөх уужим тэнгэрт хонгор галуу үнэхээр элин халин нисэж ирээд өвгөн Бадраа гуайгаас хариу сонсож байх шиг эрхэмсэг агаад илчилгүй аялгуут дуу дуурьсаж, амин голын хөндүүр хийгээд яалтгүй яахын ч аргагүй тухай учирлан хангинасан авай” хэмээжээ (хятад хэлнээс орчуулсан Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Базаррагчаа).
Англи хэлтэнтэй 1970-80-аад оноос харилцаж, Андреа Никсон, Шон Хинтон гэдэг угсаатны хөгжим судлалаар мэргэшсэн англи хоёр шавьтай билээ. 1990 онд Шоны бичсэн захидалд ардын хөгжмийн аялан тоглолт Англид ч зохион байгуулах хүсэлтэй байсан нь харагдана. Нийгмийн шинэ тогтолцоонд шилжихэд учрыг нь төвөггүй олж, одоогийн хэлээр гадаад хамтын ажиллагаа, манлайлал, менежмент, санхүүжилтийн ажлыг насан хутгийг олох хүртэлх тэр богино хугацаанд амжуулсан харагддаг. Нэгэнтээ Шон шавийнх нь тодорхойлсноор тэр бас “импресарио” байв. Энэ нь авьяастныг цуглуулж, удирдан зохион байгуулж, санхүүжилт босгож, продюсер хийдэг хүнийг хэлдэг нэр аж.
“ХҮҮХЭД ШИГ”
Угийн нэр нь Бадрангуйцогт. Арван хоёр настайд нь аав нь баривчлагдан цаазаар авхуулж, ээж, дөрвөн дүүгийн хамт үлдсэн юм. Амьдралын эрхээр тэмцэгч болж өссөн шиг. Үгийн хариуг жинтэй өгдөг. Хурц, дайчин зантайг олон хүн дурсан өгүүлдэг. Өөрийг нь нутаг заан, Ховд руу явуулсан дарга хожим ажлаасаа халагдаж, гудамд ядруухан яваатай таараад “Та яасан гундуухан явах юм. Толгой өөдөө, хараа дээгүүр явна шүү” гэж урам зориг өгч байсан гэж эмээ минь дурсдаг юм.
Гэхдээ бас уян зөөлөн, гэнэн цайлган сэтгэлтэй хүн байсан шиг. Ши Мөрөн гуай надад дурсан ярихдаа яг л “хүүхэд шиг” гэж байсан сан. Утас дуугараад өвөө авч таарахад аав заримдаа “Намайг асуувал байхгүй гээрэй” гэхэд “байхгүй” гэж хэлэхтэйгээ зэрэг шахуу утсаа тавиад л “Ээ бурхан минь, хүнээр ийм муухай зүйл хийлгэх гэж” хэмээн эвгүйцэн, гар хавсарч залбирдаг сан. Аав минь Элтон Жоныг шүтнэ. “Элтон Жон ижил хүйстэн гэнэ шүү дээ” гээд цочирдож гайхсан байдалтай аавд хэлж байж билээ. Мөнгөнморьтод зундаа очиж амардаг байлаа. Бид жимс түүхээр уулаад гарч, өвөө буусан газраа майхнаа сахиад үлдэх болов. “Чоно, баавгай ирэх вий. Буу аваад үлд” гээд баз дүү нь калибр үлдээгээд явсан юм. Бусад нь машиндаа суугаад явах замдаа “Буу бас авч үлдээд байгаа юм аа. Баавгай ирэхэд мөн буудах байх даа” гэлцэн өвөөг шоолон хөхрөлдөж байхад, би ганцааранг нь үлдээж явсандаа гэмшин, өрөвдөөд нулимс дуслуулж байж билээ.
Миний их уйлхайг манайхан өвөөгийнх гэлцдэг. Багад л юм сан. Өвөө нэг сонин уншаад гуниглаад, уйлаад, сүүлдээ эмээ “валокордин” уулган тайвшруулсан санагдана. “Муу багшийг минь ямар их зовоож байгаа вэ” гэж ярьж байсан. Би нарийн учрыг олоогүй ч Б.Ринчен багш, “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэсэн нэрийг тэгэхэд тогтоож авсан. Бодвол цаг наашилж, Б.Ринчен гуайн тухай эргэн дурсаж, өмнөх үеийн явдлыг тоочин буруутгасан нийтлэл байсан юм болов уу даа. Кино үзээд уйлна. “Аргалд явсан ээжий” дуу нь анх телевизээр гарч байхад өвөө, эмээ бид гурав хамт сууж үзээд, өвөө бас л нулимс цийлгэнүүлж байсныг санадаг юм.
“Мандухай цэцэн хатан” кино гарсны дараа олон хүн хурц шүүмжилж, элдэвлэж байсны хариуд “Мандухай цэцэн хатан” киноны учир” гэсэн зураг, зураглал, хөгжим, найруулга, жү жиглэл талаас нь дүгнэн шинжилсэн даацтай шүүмж бичин, “Утга зохиол, урлаг” сонины 1989 оны дөрөвдүгээр сарын 14-ний дугаарт хэвлүүлэн, намжааж байсныг хүмүүс дурсдаг. Киноны уран бүтээлчид Төрийн шагнал хүртэх болж, манай гэрт бөөнөөрөө ирж нэг орой дуулж хуурдсан юм. Дэлгэцээс хардаг хүмүүс, “Мандухай цэцэн хатан” гэрт, хажууд хүрээд ирэхэд их л сонин санагдаж байж билээ.
Бас нэгэн киноны дүр гэрт ирсэн нь Б.Бадрууган ахын “Төрийн сүлд өршөө” киноны Жалханз хутагт Дамдинбазарын дүрд тоглосон Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай өмсгөл зүүсгэлтэйгээ морилон саатсан юм. Өвөө минь бие нь тааруу хэвтэрт байсан ч өндийж суугаад, инээвхийлж байлаа.
ЭПИЛОГ
“Чи хэнийх нь хүүхэд вэ. Бадрууганых уу?”, “Биш ээ. Баатарнараных” энэ асуултад би наснаасаа олон хариулсан. Аав минь хуульч мэргэжилтэй. Олны танил, од биш. Ингэж асуусан нэг хүний хэлснээр “неизвестний товарищ”. Өвөө минь хөгжим судлал, яруу найраг, орчуулга, телевиз, радио, сургууль, чуулга, тоглолт, концерт гээд олон чиглэлтэй ажил эрхэлж байсан тул “Монгол ардын хөгжим” хэмээх нэг сэдэвт номоо дуусгаж амжаагүй юм. Харин өвөөг өнгөрснөөс хойш энэ номыг төлөвлөсөн бүлгийнх нь дагуу өмнө нь бичсэн өгүүллээс нь эмхэтгэн бүрдүүлж, эрхлэн хэвлүүлэх ажлыг аав минь хийсэн. “Хуур магнай” өм төвийн ажлыг үргэлжлүүлэх, “Жамцын Бадраа” сан байгуулах, өвөөгийн мэндэлсний 80, 90 жилийн ойг тэмдэглэх, судалгаа бүтээлийг нь хэвлүүлэх тэр бүх ажлыг аав минь эрхлэн хийж. Өвөг дээдсээ хүндлэн дээдлэх, ачлан хайрлах тэр сэтгэлийг үг яриа, үйл хэргээрээ аав минь надад суулгажээ. Тиймдээ ч одоо би үүнийг бичиж суугаа болов уу.
Энэ жил Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Санг нь эрхлэн хариуцах, ойг нь тэмдэглэх ажил үр ач бидэнд ногдлоо. Б.Наранзун ах бид хоёр багадаа өвөөгийн өмд дотор давхраараа орчхоод, толинд хараад хөхрөлддөг байж билээ. Нуруу нам, махлагдуу хүн байсан тул хоёр жаахан хүүхэд элбэг орчихоор өмдтэй байж. Ах л бүтээлч, хөгжилтэйгөөрөө тийм юм сэдсэн байх. “Наранзун, Цэцэнцолмон та хоёрыгоо судлаач болгочихвол насны хэрэг бүтнэ” гэсэн утгатай захидал уншиж байснаа санаж байна. Бодвол Б.Наранзун ахыг Ховдын Булган сумд Шонтой хамт товшуур судлуулахаар явуулчхаад, араас нь бичсэн болов уу даа. Ах бид хоёр давхарлаад ч өвөөгийн энд гүйцэхгүй ч гэлээ уран бүтээлч чанарыг нь ах минь, судлан шинжлэх сонирхлыг нь би өвлөсөн юм болов уу даа. Өөр өөрийн замаар хичээж л явна.
Өвөөтэй салах ёс хийх өдөр хөргийг нь тэврээд би хаалгаар түрүүлж гарч ирэхэд хоёр талаар цуван зогссон хүмүүсийн үзүүр нь харагдахгүй байсан тэр дүр зураг санаанд тод үлджээ. Ширүүн бороо асгасан өдөр байлаа. Сайн хүн бурхан болоход тэнгэр хүртэл уйлдаг гэлцдэг нь тэр юм болов уу гэмээр. Өнөөдөр ч би хөргийг нь цээжиндээ тэвэрсээр, үйл хэрэг, үзэл санааг нь дамжуулан хүргэх гэж алхаж буй мэт санагдана. Тэнгэр мөнх цэлмэг байж, наран үүрд мандаг ээ.