Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулж буй Дэлхийн боловсролын чуулга уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож байна. Лондон хотноо болж буй тус чуулганы үеэр тэрбээр Боловсролын олон улсын санхүүжилтийн сангийн гүйцэтгэх захирал Кришнан Картиктай албан уулзалт хийжээ. Эл сан нь дундаас доош орлоготой улс орнуудын боловсролын салбарт нэмэлт эх үүсвэр бий болгох зорилготойгоор дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Тэд санхүүжилтээ Азийн хөгжлийн банк (АХБ) болон олон талт хөгжлийн банкнуудаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог аж. Ихэвчлэн бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, хүнс тэжээл, боловсрол, ногоон технологи, ур чадварыг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулдаг гэнэ.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайд Кришнан Картиктай уулзах үеэрээ “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах хоёр дахь санхүүжилтийн төсөл”-д АХБ-наас 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн гэрээг баталгаажуулсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг төслийн санхүүжилтийн 98 хувийг боловсролын салбарын барилга, байгууламжийн хүртээмжийг сайжруулахад чиглүүлэх аж. Мөн дээрх сангаас зээлийн нийт үнийн дүнгийн 10 хүртэлх хувьд буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.