
AНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоц Карибын тэнгист нэвтэрсэн байна. Энэ тухай АНУ-ын Өмнөд командлал (SOUTHCOM) олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ.
" Нисэх онгоц тээгч Nimitz хөлөг, Карибын тэнгист тавтай морил!" гэж нийтлэлд бичжээ.
Мөн Nimitz хөлгөөс гадна USS Gridley эсминец, дэмжлэгийн USS Patuxent зэрэг хөлөг онгоцнууд тус цохилтын бүлэгт орсон байна.
Гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улс АНУ-ын "дараагийн" бай болж магадгүй гэж мэдэгдсэн. Өөр нэгэн илтгэлдээ “арлыг” эзлэхдээ "баяртай" байх болно гэж илүү хурцаар хэлсэн байдаг.
АНУ-ын Хууль зүйн яам Кубын Ерөнхийлөгч асан Рауль Кастро болон бусад таван хүнд АНУ-ын иргэдийг хөнөөсөн,хөнөөх хуйвалдаан зохион байгуулсан хэргээр ял тулгасан тухай Лхагва гарагт мэдэгдсэн.
Эл ял нь 1996 онд Кубын сөнөөгч онгоцнууд Америкийн хүмүүнлэгийн "Аврах ахан дүүс" байгууллагын хоёр онгоцыг буудаж унагааж, дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт холбогдуулан тулгасан юм. Тухайн үед Кубын Зэвсэгт хүчний сайд байсан Рауль Кастро онгоцыг буудаж унагаах тушаалыг өгсөн хэмээн үзжээ.
Кубын тал тухайн үед дээрх хоёр онгоцыг Кубын агаарын орон зайг зөрчсөн хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын эсрэгээрээ уг халдлага олон улсын агаарын орон зайд болсон гэж дүгнэсэн байна.
Кубын эрх баригчид АНУ-ын довтолгооноос болгоомжилж, улсынхаа батлан хамгаалалтыг бэхжүүлж эхэлсэн тухай CNN мэдээлэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр Кубын иргэд цэргийн сургалтанд хамрагдаж, АНУ-ын болзошгүй халдлагын үед партизаны дайн хийх бэлтгэлээ базааж эхэлжээ. Тус улсын Иргэний хамгаалалтын агентлаг цэргийн халдлагын үеэр хэрхэн ажиллах талаар зөвлөмж агуулсан "гэр бүлийн гарын авлага"-ыг тарааж байна.