“Бодь интернешнл”-ийн эзэн Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг дэлхийд байхгүй өндөр үнээр барьсан. Асар өндөр дүнгээр шийдүүлсэн төсвөөсөө 110 сая ам.долларыг авлигад тараасан. Ийм мэдээлэл цацагдаад 2 сар өнгөрлөө. Өдгөө замхрах руугаа оржээ. Олон нийт ч мартаж.
Гэхдээ энэ хэргийн талаарх мэдээллийг задалж АТГ-т хандсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандсан болон АТГ-т өгсөн мэдээлэлдээ: 110 сая ам.долларыг хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад уг гэрээнд оролцсон бэлнээр нь тараасан гэсэн юм. Мөн “нэр бүхий улстөрчдөд” гэж АТГ-т өгсөн өргөдөлдөө тодотгожээ.
Түүний өргөдөлд: “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөрз ам” ХХК-ийн Голомт банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн Голомт банканд байрших 8154100935 тоот дансанд (хожим нь уг дансыг устгасан) 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000.00 (хоёр зуун ерөн гурван тэрбум долоон зуун сая) төгрөгийг шилжүүлж, “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улс төрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно гэсэн байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ингэтлээ барин тавин мэдээлэл түгээсэн нь ноцтой бөгөөд энэ асуудал нотлогдох хэмжээний баримтыг АТГ-т өгсөн гэсэн үг.
Гэтэл “Бодь”-ийн энэхүү 110 сая ам.долларын талаар АТГ дуугардаггүй. А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нар ч ам нээхээ больж. Тийм учраас хэвлэл мэдээллийн бид бүхэн “Бодь”-ийн Д.Баясгалангийн 110 сая ам.долларыг “нэр бүхий улстөрчид”-д аль зочид буудал, хаанахын саун, төрийн тусгай хамгаалалттай ямар байгууламжид аваачиж өгснийг сурвалжилж олох хэрэгтэй болж байгаа юм.
110 сая ам.долларын авлига сөхөгдөж байх үеэр зарим эх сурвалжийн хэлж байсан мэдээлэл, одооноос 4-5 жилийн өмнө нэр бүхий хүмүүсийн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байсан зүйлүүд, мөн үйл явдлуудын холбоос логик давхцлуудыг харж үзвэл “Бодь”-ийн тараасан 110 сая ам.долларын тодорхой хэсэг нь “Баянгол” зочид буудалд хүргэгдсэн байх магадлалтай байна. Тус зочид буудал бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод “Бодь”-оор Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг бариулсан. Т”с төмөр замын оффтейк гэрээ зэргийг улсын нууцад оруулахад ҮАБЗ-ийг тэргүүлж байсан хүн. Тэрүүгээрээ Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн өргөдөлд “110 сая ам.доллар “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улс төрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан” гэдэгт хамаарах субьект.
Үүнээс гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан хоёрыг энэ зэргийн нууцыг дундаа хадгалчих хэмжээний найзууд, хамааралтай этгээдүүд гэдгийг хэд хэдэн хүн нотолж хэвлэлд ярьж үлдээжээ. Заримынх нь ярианд яг энэ төмөр замын асуудал ч багтаж.
2022 оны 12 сарын 15-нд “Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд: Энэ нүүрсний хулгай дээр хамгийн оройлон тоглосон, автор, ерөнхий продюсер нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан “Женко” Х.Баттулга гэж хүн байгаа. Энэ хүн өөрийн тролл, хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, аргагүйн эрхэнд амьдралаараа барьцаалагдсан, мунхарсан тойрон хүрээлэгч улсуудаараа өөрийгөө үндэсний баатар мэт сурталчлууллаа, өнгөрсөн хугацаанд. Энэ хүн бол энэ дээрэм хулгайн тэргүүн ээлжийн, гол автор нь. Түүнээс гадна хамтран үйлдэгч, зохион байгуулагч нь “Голомт”-ын Д.Баясгалан шүү гэдгийг би бас олон зуун удаа зарласан. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн өнөөдөр энэ олон тэрбум долларыг идэж, төмөр замыг дөрөв, тав дахин өндөр үнээр барьж, нийлүүлж, энэ олон ядуусын нуруун дээрээс босгосон татварын мөнгөнөөс хулгай хийж, олон нисдэг тэрэг унан, тансаглаж, сайхан амьдарч байгаа. Өөрийнх нь цүнхчин нь хүртэл 60 сая төгрөгөөр сарнай авч тансаглаж байна шүү дээ. Энэ бол бизнесээр олж авсан мөнгө биш. Хөдөлмөрөөрөө олсон мөнгө гэдэг тусдаа ухагдахуун. Төсвийн, төрийн, ард түмний баялагт ингэж хуруу дүрсэн хүмүүст өнөөдөр ямар ч арга хэмжээ аваагүй л байна. “Голомт”-ын Д.Баясгалан баривчлагдсан, АТГ дээр дуудагдсан гэж та бид нэг ч сонсоогүй л байна. Манай улсын хамгийн том эмгэнэл бол хууль хяналт, шүүхийн байгууллага ажлаа хийдэггүйд л байгаа. Яагаад гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнуудын нөлөөлөлд байдаг. Ингэж ард иргэдээ доромжилж байгаа өөдгүй, хударгагүй, хорлон сүйтгэх ажиллагааг бодитоор хийсэн “Голомт”-ын Д.Баясгалан, “Женко” Х.Баттулга, гар хөл нь болж баахан гавьяат, хөдөлмөрийн баатар болсон цүнхчид, задгай мөнгөөр нь шагнуулсан хүмүүсээ,та нар энэ ёс суртахуунгүй үйлдлүүдээ зогсоогооч ээ. Ард түмэн нь Д.Сүхбаатарын талбайд байхад хэд, хэдэн нисдэг тэрэг худалдаж аваад энд тэндгүй өөрийнхөө солиорлоор тав дахин нугарсан үнээр, алтаар төмөр зам бариад явж байна шүү дээ, “Голомт”-ын Д.Баясгалан. Тийм болохоор энэ хүн миний наад захын дээрмийн хэрэг дээр шийтгүүлээгүй шүү дээ. Би банкны хуулгатай бодит баримттайгаар 4 сая долларыг яаж Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав энэ хоёр дээрэмдээд, намайг шоронд хийж байгаад, Монголын бүх шоронгоор явуулж байгаад, тэгээд энэ Д.Баясгалан гэдэг хүний дансаар нь миний бүх мөнгө ороод туслах, жолооч нарынхаа нэр дээр аваад нотлох баримттай боогдсон хэрэг харамсалтай нь гацсан гэжээ.
2023 оны 4 сарын 10-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Маккензи"-гээр төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн гэж хуурамч танилцуулга бэлдээд мөнгө идсэн. Туслах Ч.Ганбат нь АНУ руу зугтаасан. Хэрэг хуучрахгүй ээ гэдгийг энэхүү ярилцлагаар дамжуулж "Женко"-д тодорхой хэлж байна. 286 км төмөр замыг тавиулахгүй гэж ацалсан. Энэ хооронд Монгол Улс 80 их наядын боломжоо алдсан. Сайд болонгуутаа "Би барина" гээд 280 сая ам.доллароор овоолсон далан үүсгэсэн. Ядаж урд хилийг угтуулаад тавилгүй зөрүүлсэн. Тэрийг нь зам болгох гээд хуурамч концессоор "Бодь" групп авсан. "Женко"-гийн багийн найз "Голомт"-ын Д.Баясгалан. 18 их наядын концессыг шууд эзэмшсэн. Очоод аман дээрээ нийлээгүй. Холбох гэхээр 300 сая ам.доллар хэрэгтэй. Хүрээний гэдэг шиг "Женко"-гийн бузрыг дэлгэвэл далай шиг их юм гарна. Энэ хүн шүүх дээр очих ёстой. Үүнийг АТГ, прокуророос шаардана. Шударга ёс гэж байдаг бол Т.Бадамжунай, Б.Ганхуягтай, Д.Баясгалантай цуг шүүх дээр очих ёстой. Ингэж байж эргэлзээ тайлагдана. Биднийг айлгадаг, танк орж ирнэ гэж явахад хилийн зүүн талаар нарийн царигаар Орос, Хятадыг холбочихсон. Үр дүнд нь ОХУ-ын нүүрсний экспорт 240 хувиар өссөн. Монгол ялсан уу?, Орос ялсан уу? гэдгийг олон нийт ойлгох ёстой. 16 жилийн хугацаанд бид төмөр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол хэчнээн хэмжээний тээвэр, АМНАТ нэмэгдэх байсан бэ? гэдэг тооцоо нь 80 их наядаар хэмжигдэж байгааг судлаачид гаргасан гэсэн. Эдгээрээс өөр, энэ хэмжээний хэлсэн хүмүүсийн үг цөөнгүй байна. Гэхдээ баримт чухал. Ямар ч байсан энэ зэргээр “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлига “Баянгол” руу, Х.Баттулга руу хөтөлж байна. Мөнгө мөртэй гэдэг билээ.
М.Бат-Эрдэнэ