Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн нэг хүнд ногдох талбай эдүгээ 5.9-8 ам метр байгаа аж. Үүнийг есөн ам метрт хүргэх зорилгоор энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, ургуулж байгааг өчигдөр мэдээллээ. Уг ажлыг нийслэлийн ЗДТГ, ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай хамтран гүйцэтгэж байна. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд гэхэд нийтийн эзэмшлийн 54 байршилд гоёл чимэглэлийн 104 866 мод, 46 байршилд 337 340 цэцэг тарьж, арчлах аж. Мөн 72 байршил дахь 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэх гэнэ.
Түүнчлэн хаврын мод тарих арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн байршилд 129 873 ширхэг мод тарьж буйгаа албаныхан мэдээлсэн. Мөн Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас суулгахаар төлөвлөжээ.
М.Гэгээ