Энэ сарын 24-нөөс зургаадугаар сарын 7-ны хооронд Парис хотноо шороон талбайд зохион байгуулдаг цорын ганц “Их дуулга” тэмцээн буюу “Ролан Гаррос” болно. Францын нээлттэй тэмцээн эхлэхэд бараг долоо хоног үлдээд байгаа ч аль хэдийн хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрнээ тус тэмцээнийг онцолж эхэллээ. Учир нь шагналын сангийн асуудал энэ жил онцгой анхаарал татаж байна. Тоглогчдод очих шагналын мөнгө тогтмол нэмэгдэж буй атал тэд яагаад “Роллан Гаррос”-ыг бойкотлох талаар хэл амаа билүүдэж байна вэ? Энэ жил “Ролан Гаррос”-ын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид тус бүр 2.8 сая еврогийн шагнал хүртэх бөгөөд энэ нь өнгөрсөн оноос 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Эхний шатанд хасагдсан тоглогчдын шагнал хамгийн их буюу бараг 13 хувиар өсөх бол үндсэн хүснэгтийн эхний тойрогт хасагдсан тоглогчид 11.5 хувиар илүү мөнгө авах юм.
Францын нээлттэй тэмцээний нийт шагналын сан 61 723 000 евро (одоогийн ханшаар бараг 72 сая ам.доллар) болж, дээд амжилт тогтоохоор байна. Энэ нь өнгөрсөн оноос 9.53 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч шагналын сангийн өсөлт нь теннисчдийн сэтгэл дундуур байдлыг намжааж чадсангүй. Гол асуудал нь шагналын бус, харин тэмцээний нийт орлогоос тоглогчдод хуваарилж буй хувь хэмжээ юм. Янз бүрийн үнэлгээгээр 2026 оны шагналын сан нь “Ролан Гаррос”-ын нийт орлогын ойролцоогоор 14-15 хувийг эзэлж байгаа нь тоглогчдын шаарддаг 22 хувиас бага бөгөөд ATP болон WTA-гийн хамтарсан тэмцээнүүдэд тамирчдад хуваарилдаг дундаж хувиас доогуур байна. Түүнчлэн Францын теннисний холбооноос санал болгосон шагналын сангийн өсөлт нь өнгөрсөн жилийнхээс (өөрөөр хэлбэл 2025 оныг 2024 онтой харьцуулсан өсөлтөөс) бараг хоёр дахин их байгаа ч АНУ-ын болон Австралийн нээлттэй тэмцээний өнгөрсөн жилийн өсөлтөд хүрэхгүй байгаа. Тодруулбал, өнгөрсөн жилийн US Open-ий шагналын сан 20, Australian Open-ы шагналын сан бараг 16 хувиар өссөн байна. Дэлхийн шилдэг 20 теннисчин, тэр дундаа Н.Жокович, Я.Синнер, К.Алькарас, А.Соболенко нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Францын нээлттэй тэмцээнд санал болгож буй шагналын сангийн түвшинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ “Ролан Гаррос”-ын нийт шагналын сан аль хэдийн Уимблдонтой бараг зэрэгцэж ирсэн. Гэсэн ч өмнөх улирлуудын жишгийг харгалзан үзвэл 2026 онд Лондон хотод зохион байгуулагдах тэмцээнд шагналын мөнгийг дахин нэмэгдүүлж, “Ролан Гаррос”-оос илүү гарах магадлал өндөр байна.
Н.Энх