Эдгээр гайхалтай бүтээлийн түүх хийгээд зураач болон зургийн гол дүр болсон хүмүүсийн харилцааны талаар өгүүлье. Зурсан нь ч, зуруулсан нь ч дэлхийн түүхэнд тод мөртэй, хүн бүрийн эчнээ танил гэдгээрээ онцлог.
Дэлхийн их урлагийн түүхэнд алдартнууд нэгнээ зурж, эсвэл хоршиж, бас дуусгаагүйг нь гүйцээж, биенээ “нөхсөн” тохиолдол цөөнгүй. “Агуу зураачдын загвар болсон алдартай хүмүүсийг бид бүтээлүүдээр нь мэддэг. Энэ бол зүгээр л бие махбодын загвар төдий зүйл биш, тэдний харилцаа, энергийн солилцоо, заримдаа бүр өрсөлдөөн байсан” гэж урлагийн шинжээч нэгэн онцолжээ.
Оросын түүхэнд И.Репин (Л.Толстой), О.Кипренский (А.Пушкин), В.Перов (Ф.Достоевский), В.Серов, О.Браз (А.Чехов) нарын хөрөг бүтээлүүд гойд алдартай. Дэлхийн хүмүүс Пушкиний дүр төрхийг хөрөг зургийн мастер Орест Кипренский (1782-1836. Түү хэн хөргийн агуу мастер хэмээдэг)-н дүрсэлснээр таниж мэдэх болсон. Бид ч “Алтан загасны үлгэр”-т шимтэхдээ чухамхүү энэ хөргөөр нь найрагчтай “уулзсан”. 1827 оны, 63Ч54 см хэмжээтэй эл зураг бол XIX зууны Оросын романтизмын үеийн гол бүтээлүүдийн нэг.
Ташрамд өгүүлэхэд, А.С.Пушкин өөрөө бас шаггүй зурдаг байжээ. В.Хюго, Уильям Блейк нарын алдартай зохиолч ч мэргэжлийн түвшинд зурдаг байсныг бүтээлүүд нь гэрчилнэ.
“ДАЛАЙ”-Д УЧИРСАН ХОЁР+НЭГ

Далайг гарт “бариулан”, амт, үнэрийг нь мэдрүүлж, уусган, “живүүлэх” шидийг Оросын зураач Иван Айвазовский бүтээлүүддээ шингээсэн нь жинхэнэ гайхамшиг билээ. Армян гаралтай, Оросын зураач И.К.Айвазовский (1817-1900)-н 6000 гаруй бүтээлийн дийлэнх нь далай, тэнгистэй холбоотой. “Далайн мастер” хэмээн өргөмжлөгдсөн түүний “Ес дэх давлагаа”-г харсан хэн бүхэн байгаль эхийн өмнө сөхрөн, мөргөдөг буй за. Тэгвэл хүн төрөлхтнийг яруу тансаг үгсийн хүчээр их усан далайн өмнө хэдэнтээ сөгдүүлсэн гайхамшигт авьяастан бол Александр Сергеевич Пушкин (1799-1837. Оросын уран зохиолын реализмыг үндэслэгч). Бүтээлүүдийг нь нь түүх, хэл соёл, үндэстний өвөрмөц байдлыг нэгтгэсэн бүхэл бүтэн соёл гэж мэргэжилтнүүд тодотгодог. “Оросын яруу найргийн нар” хэмээгддэг түү ний “Борис Годунов”, “Евгений Онегин”, “Ахмадын охин”, “Руслан, Людмила”, “Алтан загасны үлгэр”, “Цыганууд” гэхчлэн олон бүтээл дэлхийн сонгодог, сонгомол бүтээлийн санд залардаг.
Ердөө 37 наслахдаа орчин цагийн орос хэлийг цогцлоосон агуу найрагчийг зураач И.Айвазовский бишрэн хүндэлдэг байжээ. Ерөөс оросууд үе үедээ “Пушкин бол бидний бүх зүйл” хэмээдэг нь хэл соёлд ямар их үүрэг гүйцэтгэснийг харуулахын сацуу тэрбээр өөрөө ч соёл, урлагийн нэгэн бүхэл ертөнц гэдгийг илтгэдэг. Тэгвэл энэ хоёр агуу хүмүүн хэрхэн танилцаж, уран зургийн ертөнцийн түүхийг баяжуулав.
Тэд ердөө ганц удаа уулзсан гэдэг. 1836 оны намрын эхэн сард Санкт-Петербургийн Урлагийн академид зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр А.Пушкин 19 настай И.Айвазовскийн бүтээлүүдийг анх үзээд, онцгойлон сайшаажээ. Угаас найрагчийг биширдэг байсан залууд эл уулзалт гойд сэтгэгдэл төрүүлэн, Пушкинийг бүтээлүүддээ мөнхлөх эхлэл болсон хэмээнэ. Энэ явдлаас гурван сарын дараа агуу найрагч нарт хорвоог орхиж, дахин уулзах боломжгүй болсонд зураач харамсдаг байв.
И.Айвазовский анхны бөгөөд сүүлчийн уулзалтынхаа талаар “Александр Сергеевич Пушкин эхнэр Наталья Николаевнагийн хамт “Эртний галерей” хэсэгт байгааг мэдсэн оюутан, залуу уран бүтээлчид тийш гүйлдэв. Байгалийг гайхалтай “сийлдэг” залуу зураач М.Лебедев (1811-1837)-ийн бүтээлийн өмнө эхнэртэйгээ хөтлөлцөн зогсох Пушкинийг бүгд бүчин авахад манай академийн шинжээч А.Крутов олны дундаас Лебедевийг хайсан ч олоогүй. Тэгснээ намайг хараад, гараас минь хөтлөн агуу Пушкинтэй танилцуулж, академийг алтан медальтай төгсөж байгааг минь бас дуулгав. Пушкин тун элэгсгээр миний зургууд хаана байгааг асуусан” гэж 1896 онд намтар судлаач, найз Н.Кузьминдээ бичсэн захидалдаа өгүүлжээ. Зургуудыг нь үзэж явах үедээ Пушкин залуу зураач Айвазовскийд “Залуу минь, ажилла, ажилла, ажиллаад бай, энэ их чухал шүү” хэмээн захисныг амьдралынхаа зарчим болгосон гэдэг.
Энэ цагаас хойш амьдралынхаа туршид тэрбээр А.Пушкинийг Крымд, далайн эрэгт байгаагаар дүрсэлсэн 20 орчим бүтээл хийжээ. 1899 онд нас барахаасаа нэг жилийн өмнө Айвазовский суут найрагчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Пушкин нар мандах үед Ай-Петрийн оргил дээр” бүтээлээ туурвижээ. Энэ нь түүний “Пушкиниана” цувралынх нь сүүлчийн зураг юм. Үүнээс өмнө 1877 онд буюу найрагч нас барснаас 40 жилийн дараа дурсгалд нь зориулан бүтээсэн “Тэнгистэй салах ёс хийж буй Пушкин” зургийг онцлон танилцуулъя. Ингэх шалтгаан нь энэ ажилд Илья Ефимович Репин (1844-1930. Хөрөг, түүхэн зургийн мастер, XIX зууны Оросын реализмын гол төлөөлөгч. Суут хөгжмийн зохиолч П.Мусоргский, зохиолч Л.Толстой нарын алдартны хөрөг бүтээл нь гойд алдартай) хамтарсан явдал. Түүнчлэн энэ зургийг 1824 онд Пушкиний тэрлэсэн “Далай руу” найргийн өнгө будгийн илэрхийлэл, нэг төрлийн чимэглэл болсон гэж үздэг.
Тодруулбал “Баяртай, эрх чөлөөт минь! Миний өмнө сүүлчийн удаа Чи цэнхэрлэн давалгаалав Үзэмж юугаан бахархалтайгаар дэлгэв”гэхчлэн дүрсэлсэн шүлэг найраглалд зурган хөшөө босгосон “Тэнгистэй салах ёс хийж буй Пушкин”-ийг хамтран бүтээх саналыг Айвазовский И.Репинд тавьжээ. Хэдийгээр тэнгис, далайг гаргаахгүй ч хөрөг бүтээл талдаа өөрийгөө голдог тэрбээр энэ удаа шүтээн болсон Пушкинийхээ дүрийг хөрөг бүтээгч агуу зураачаар гүйцэтгүүлснээр гурван суутныг нэгтгэсэн бүтээл амилжээ. Энэ талаар И.Репин “Айвазовский гайхамшигт далай зурсан. Тэнд дүрс амилуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж дурссан байдаг. Хамтын бүтээлээ хийхээс өмнө тэрбээр Пушкинийг сайн мэддэг, бодитоор харсан хүмүүсээс гадаад төрх, биеийн хэлэмж, байдал, дохио зангаа зэргийнх нь талаар уйгагүй асууж, судалсан гэдэг.
Эл бүтээлийн зүүн доод хэсэгт найрагчийн “Далай руу”-гийн эхний шадыг бийрээр татсан бөгөөд үүнээс 20 жилийн дараа Айвазовский “Пушкин Хар тэнгисийн эрэгт” зурагтаа ч энэ элементийг давтсан байдаг. Сонирхолтой нь найрагчийг Репиний бүтээснээр хуулбарласан аж.
Ташрамд өгүүлэхэд, “далайн мастер” Айвазовскийг агуу найрагчтай их төстэй хэмээдэг байжээ. Тэр ч бүү хэл зураач залуу найрагч шүтээнээ даган дуурайдаг байсан гэх. Зураачийн үеийнхэн “Айвазовский залуу насандаа Александр Пушкинтэй адилхан байсан” гэж тэмдэглэсэн нь бий. Мөн ханхүү П.А.Вяземский (1792-1878. Зохиолч, түүхч, Оросын түүхийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг, дотнын найз Пушкинийхээ намтар, уран бүтээлийг судлаач) үүнийг батлан бичсэн нь бий. Түүнчлэн 1836 онд болсон үзэсгэлэнгийн үеэр Пушкиний гэргий И.Айвазовскийг анх хараад “Бурхан минь, та нөхөртэй минь их төстэй юм” гэж дуу алдсан хэмээдэг.
“УЛААН МАЛГАЙТ-Д” УУРЛАЖ ЧИХЭЭ ОГТОЛСОН

Нидерландын зураач Винсент Ван Гог (18531890. XIX зууны Үзэсгэлэнт үе (Белл эпох) хэмээх тодотголтой цаг үеийн гол төлөөлөгч) Францын зураач, уран барималч Пол Гоген (1848-1903, импрессионизмын дараах урсгалын тэргүүлэх төлөөлөгч)-той холбоотой хэд хэдэн бүтээл хийсний нэг нь “Пол Гоген. Улаан береттэй хүн”. Амстердам дахь Ван Гогийн музейд хадгалагдаж буй эл зургийг 1888 онд Гогентэй хөрөг зургаа солилцох зорилгоор бүтээжээ.
Нэг үед адил чиглэлээр туурвиж байсан постимпрессионист хоёр зураачийн дотно сайхан харилцаа чухамхүү энэ бүтээлийн дараахан тасарч, далд зөрчилдөөн нь тэсэрсэн гэдэг. Тодруулбал, Парист танилцаж, хэдэн жил сайхан харилцаатай байсан тэд Францын Арлес коммунд хоёр сар гаруй хугацаанд амьдарч, “Atelier des Suds” студийн урланд хамтдаа туурвиж байв. Энэ үед нөхөрлөл, хүндэтгэлийн илэрхийлэл болгон бүтээлээ солилцсон. Ван Гог наранцэцэгтэй анхны натюрмортуудынхаа нэгийг бэлэглэхэд хариуд нь Гоген байгалийн зургаа өгчээ. Ингээд 1888 оны Зул сарын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 23-нд харилцан хөргүүдээ солилцов. Ван Гог өөрийг нь бодлогошронгуй, орчноос тусгаарлагдсан байдлаар дүрсэлсэнд Гоген сэтгэл дундуур байснаас үүдэн тэд ам зөрсөн. Ван Гог найзынхаа толгой руу хундага шидэж, сахлын хутга барин араас нь дайрахаар завджээ. Үл мэдсэн дүр эсгэж, хурцадмал байдлыг намжаасан Гоген урлангаас гарч явсны дараа уураа барьж дийлээгүй Ван Гог чихнийхээ дэлбээг огтолчихож. Үүнээс хэдхэн өдрийн дараа үйл явдлын “гэрч” болсон “Autoportrait а l’oreille coupйe et а la pipe” (Огтолсон чих, гаанстай өөрийн хөрөг) нэртэй алдарт бүтээл төржээ. Энэ нь өөрийгөө зурсан найман хөргийнх нь нэг юм.
Энэхүү маргааны дараа Ван Гогийн сэтгэцийн байдал огцом муудаж, өөрийгөө гэмтээсэн тул 24-нд эмнэлэгт хэвтүүлжээ. Зарим судлаач “Чихээ огтолсон нь гэмшлээс үүдэлтэй” гэсэн бол “Энэ бол байнга абсент (хүчтэй согтууруулах ундаа) хэрэглэдэг байсантай холбоотой галзуурлын илрэл” гэж үгүйсгэх нь ч цөөнгүй. Зарим эх сурвалжид Ван Гог нь Гогенийг зүсэж гэмтээсэн, бүр шөнө унтаж байхад нь алахаар завдсан ч гэж бичсэн байдаг, худал, эсэхийг тогтоох боломжгүй. Гоген энэ явдлаас хэд хоногийн дараа Арлес нутгаас явж, тэд дахин уулзаагүй аж. “Autoportrait а l’oreille coupйe et а la pipe”-г зурахдаа Ван Гог 35 настай байсан ч өөрийгөө харьцангуй хөгшнөөр дүрсэлж, дэвсгэр өнгөөр улаан, улбар шарыг сонгосон нь ч сэтгэцийн байдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Туурвих арга барил нь нэг ч зан авирын хувьд тэнгэр, газар шиг байсан тэдний тухай судлаачид “Ван Гог нэлээд түрэмгий, яаруу, харин Гоген ухаалаг, мэдрэг” гэж тэмдэглэжээ.
Сонирхуулахад, тухайн үед Арлесийн орон нутгийн сонинд энэ маргааны талаар мэдээлж “Зураач Ван Гог биеэ үнэлэгч Рейчел хэмээх эмэгтэйд чихнийхээ тасархай дэлбэнг өгөөд сайтар хадгалж байхыг хүссэн” гэж бичжээ.
Э.Хана