УИХ-ын баасан гаргийн үдээс өмнөх чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг батлав. Хууль баталсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан, гишүүн Н.Алтаншагай нар мэдээлэл хийсэн юм. Уг хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бүрджээ.
Энэ талаар Сангийн сайд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулснаар баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие дааж чадна. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангана” гэв. Гишүүн Н.Алтаншагай “Өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан. Гэтэл дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг байгаа. Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжүүлж буй бөгөөд төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байв. Тиймээс дээрх хоёр төслийг сонгож, нэг удаагийн зохицуулалттай хууль баталсан. Үүнээс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай” гэлээ.
С.Уул