Улсын инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 10.1 хувь болж өсөн, сүүлийн гурван жилийнхээ хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Инфляц ийн хоёр оронтой тоонд шилжихэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны бүлгийн үнийн 53.1 хувийн өсөлт байв. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүний ханш 36.5, тэр дундаа үхрийн махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс кг тутамдаа 42.9, хонь, ямааных 41.5 хувиар тус тус нэмэгдсэн нь өрхийн өдөр тутмын санхүүд огцом дарамт үүсгээд байна. Үүний зэрэгцээ гурил, гоймон зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний ханш ч дагаад дээшилсэн нь инфляцыг улам хөөрөгджээ.
Эдийн засагч Н.Энхбаяр “Төр засгаас инфляцад гол нөлөө үзүүлэгч хүнсний бүтээгдэхүүний үнийг огт жолоодож чадахаа байсан. Уг нь үүнийг удирдах боломжтой юм. Дэлхийн банк, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагаас өнөөгийн Монголын нөхцөлд таарсан ханган нийлүүлэлтийн шинэ тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэйг сүүлийн 10 гаруй жилийн турш бидэнд зөвлөсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлд нийлүүлж буй мах, сүү зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж цаг ямагт тогтвортой байх ёстой. Олон улсын жишиг ч ийм л байдаг. Гэтэл манай улсад ханган нийлүүлэлтийн ийм сүлжээ 1990 оноос хойш тасарчихсан. Эдүгээ шинэ тогтолцоо бүрдүүлэх нь байтугай уг зах зээлийг ганзагын наймаачдын гарт аль эрт алдчихсан шигээ тэдэнд найдаад сууж байгаа нь харамсалтай. Энэ нь өөрөө инфляц өсөх гол эрсдэл юм. Улмаар байгаль, цаг уурын нөлөөгөөр ирэх намар төлөвлөсөн хэмжээнд ургацаа хураан авч чадах уу, үгүй юү гэдэг нь ч эргэлзээтэй. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний үнэ хэсэгтээ буурахгүй ч байж мэднэ” гэсэн юм.
Инфляцын нийт өсөлтийн 53.1 хувийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны бүлгийн үнийн хөөрөгдөл бүрдүүлснийг дээр дурдсан. Энэ нь өнөөгийн эдийн засгийн дарамтын гол эх үүсвэр нь хүнс болсныг харуулж буй. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалин, орлого нэмэгдээгүй хэрнээ мах, гурил, талх, шатахуун, тээврийн үнэ зэрэг амьдралын үндсэн хэрэглээ бүхэлдээ өссөнөөр иргэд туйлдах боллоо. Ямар сайндаа л “И-Баримт”-ын буцаан олголт нь ганц, хоёр кг махны үнэд ч хүрэхгүй байна хэмээн халаглаж суух вэ дээ. Энэ мэт өрхийн орлогоо кг үхрийн махны ханштай харьцуулж бодсоор нийтээрээ бараг галзуурах нь. Иргэдийн бүтэн улирлын худалдан авалтын буцаан олголт ийм хэмжээнд буюу 1-2 кг үхрийн махны үнэд ч хүрэхгүй болтлоо уруудан доройтсон байна шүү дээ.
НӨӨЦИЙН МАХААР УЛСТӨРЖТӨЛӨӨ ДОРОЙТОВ
Энэ оны эхний улирлын инфляцын хөөрөгдөл зөвхөн зах зээлийн ханшийн савлагаа байсан уу гэвэл үгүй. Хүнсний нийлүүлэлтийн доголдол, улс төрийн ашиг сонирхлын огтлолцолд “хиймэл хомсдол” албаар бий болгосон гэдгийг эдийн засагчид ч хэлж байна. Шинжээч Н.Энхбаяр өнөөгийн инфляцын өсөлтийг “улстөржилтөөс үүдсэн эдийн засгийн хямрал” хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр монголчуудын гол хүнс болох махны нийлүүлэлтийн тогтолцоо манайд бүрмөсөн алдагджээ. Бодлогоор нөөцийн мах бэлтгэж ирсэн ч үнийн өсөлтийн оргил үеэр энэ нь ямар ч үр дүнгүй, зах зээлээ ч тогтворжуулж чаддаггүй.
Өнөө жилийн хувьд ноцтой дүр зураг ажиглагдсан нь хотын даргын халаа сэлгээтэй нэг талаар давхацсан явдал байв. Өөрөөр хэлбэл, үхрийн мах кг нь 38 мянган төгрөгт хүрч, 40 гаруй хувиар нэмэгдчихээд байхад нөөцийнх нь ор сураггүй байсан юм. Гэтэл нийслэлийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв үү, үгүй юү маргааш, нөгөөдрөөс нь эхлээд хаанаас ч юм гэнэт өчнөөн тонн мах худалдаанд гаргаж, өдгөө нийслэлийн зургаан байршилд өргөтгөсөн худалдаа явуулж байна. Өчигдрөөс бүр 160 гаруй сүлжээ дэлгүүрээр борлуулалтыг нэмэгдүүлжээ. Цаашлаад долоодугаар сарын 1 хүртэл худалдах 1400 тонн махны нөөц бий гэж Засгийн газраас мэдээлэх нь тэр.
Хамгийн хачирхалтай нь, үнийн индекс дээд цэгтээ хүрэх үед “Нөөцийн мах хүрэлцэхгүй байна” хэмээн тайлбарлаж асан эрх баригчид өнөөдөр гэнэт “ардын баатар” болчихсон нь тэдний сайных гэж үү. Үнэхээр нөөц байсан бол өмнө нь яагаад зах зээлд нийлүүлээгүй юм бэ хэмээн иргэд гайхах нь ч аргагүй шүү дээ. Тиймдээ ч үнийн өсөлт түлш, шатахуунаас үүдэлтэй бус, улстөржилтөөс улбаатай байж болзошгүй гэх хардлагыг нийгэмд хүчтэй төрүүлж буй юм. Учир нь зах зээлд төлөвлөгөөний дагуу нийлүүлэх барааг зориудаар хав дарж, хиймэл хомсдол үүсгэсэн байж мэднэ. Үнэ өсөх тусам агуулахад хадгалсан барааны өгөөж нэмэгдэх нь нийлүүлэлтийн сүлжээг атгасан бүлэглэлүүд, тэднийг “жолоодогч” улс төрчдөд ашигтай нь ойлгомжтой.
Нөөцийн мах бол угтаа хаврын улиралд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах, үнийн савлагааг тэнцвэржүүлэх, инфляцыг тогтворжуулах гол бодлого билээ. Гэвч энэ удаад эрх баригчид нөөцийн махаар “шоудаж”, ард иргэдийнхээ аяга хоолонд хүртэл ичих ч үгүй “гараа дүрсэн” нь хамгийн увайгүй, арчаагүй үйлдэл нь байлаа.
Нөөцийн мах авахаар дугаарлаж буй иргэд, 2026.05.20
МӨНГӨНИЙ БОДЛОГОД ДАРАМТ ҮҮСГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Махны хомсдолоос улбаатай үнийн хөөрөгдөл инфляцыг хоёр оронтой тоо руу хөтөлсөн нь Монголбанкны мөнгөний бодлогод ч хүчтэй дарамт үүсгэж эхэлжээ. Төвбанк 2026 онд инфляцыг зургаан хувьд барих зорилт тавьсан ч төсөөлснөөс нь ийн давчхаад буй. Үүний улмаас бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх магадлал өндөр болж байгаа юм. Хэрэв бодлогын хүү өсвөл арилжааны банкнуудын зээлийн хүү ч дагаад нэмэгдэнэ. Ингэснээр бизнесийн болон ипотекийн, мөн хэрэглээний зээлийн хүүгийн өртөг өсөж, эдийн засгийн идэвхжил улам л саарна. Энгийнээр хэлбэл, махны ханшаас улбаатай хямрал улсын эдийн засгийг ч “агшаах” чадалтай гэсэн үг. Үүн дээр нэмээд махнаас гадна дотоодын бусад бараа, цаашлаад шатахууны үнийн хөөрөгдөл, валютын савлагаа, импортын барааны ханш ч инфляц чангарахад нөлөөлж буй. Монгол Улсын хэрэглээний сагсны талаас илүү хувь нь импортын бараанаас бүрддэг тул дэлхийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэл ч бидэнд хамаатай. Тэр ч утгаараа инфляцад импортын барааны үнийн өсөлтийн оролцоо жилд дунджаар 25-29 хувьтай байдаг аж.
Гэхдээ манай улсын хамгийн том асуудал нь дэлхийн зах зээл биш, дотоодын нийлүүлэлтийн эмх замбараагүй тогтолцоо гэдгийг ч өмнө нь хэлсэн. Хүнсний хангамжийн тогтвортой системгүй, агуулахын нэгдсэн бодлогогүй, нийлүүлэлтийн сүлжээ нь хэдэн зах, худалдааны төвийг “баздаг” ченж нарын гарт төвлөрч буй цагт инфляцад голлох нөлөө үзүүлэгч махны үнэ буурах, тогтворжих нөхцөл хэсэгтээ бүрдэхгүй л болов уу. Тэр дундаа эл сүлжээ нь улс төрч, ашиг сонирхлын бүлгийнхний мэдэлд байдаг бол бүр ч ирээдүйгүй. Гарц шийдэл нь ч зөвхөн мөнгөний хатуу бодлогоор тогтоон барих бус, адаглаад нөөцийн махны бэлтгэл, нийлүүлэлтийн мэдээллийг ил тод болгох шаардлагатай хэмээн эдийн засагчид хэлж байна. Мөн махны нийлүүлэлтийг улирлын шинжтэй биш, тогтвортой байлгах тогтолцоо бүрдүүлэх нь чухал аж. Түүнчлэн зах зээлд хиймэл хомсдол үүсгэсэн ханган нийлүүлэгчдэд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэв. Эс бөгөөс инфляц жил бүр өссөөр, эцэстээ дийлдэхээ больж, төлөөсийг нь иргэд л үүрч таарна.
Тэгвэл дэлхийн олон орон өөрсдийн хүнсний стратегийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг чөлөөт зах зээлд “хаяж өгдөггүй”. Учир нь үнэ нь огцом өсвөл нийтээрээ инфляцад дарлуулж, нийгэмд тогтворгүй байдал үүсэн, цаашлаад улс төрийн эрсдэл ч дагуулж мэдэх тул төрөөс тодорхой хэмжээнд зохицуулалт хийдэг нийтлэг жишиг бий. БНСУ гэхэд ханшийн огцом тэлэлтээс хамгаалах зорилгоор хүнсний стратегийн нөөц бүрдүүлдэг аж. Үнийн индекс тодорхой босго давмагц Засгийн газар нь нөөцөөсөө нийлүүлэлт хийж, тогтворжуулдаг. Мөн агуулах, ложистикийн сүлжээ нь бүрэн хяналттай тул нөөцийн маргаан үүсдэггүй гэнэ.
үүнчлэн Япон Улс хүнсний нийлүүлэлтийнхээ тогтвортой байдлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэг байна. Тиймдээ ч өргөн хэрэглээний гол хүнсний нөөц, импортын квот, нийлүүлэлтийн сүлжээгээ төр нь хянадаг. Сингапур дотооддоохүнс бараг үйлдвэрлэдэггүй хэрнээ ханган нийлүүлэлтийнхээ тогтвортой байдлыг маш сайн хангадаг гэнэ шүү. Тэд нэг улс, нэг нийлүүлэгчээс хамааралгүй байх бодлого баримталдаг учраас ханш огцом савлах эрсдэл нь харьцангуй бага. Европын Холбооны улсууд ч хөдөө аж ахуйн салбартаа татаас өгч, стратегийн хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж байна.
Харин манай улсын гол хүнс болох махны нийлүүлэлт улирлын шинжтэй, нөөцийн махны бодлого нь улс төрөөс хэт хамааралтай байгаа нь үнэ хөөрөгдөх үндсэн шалтгаан болсоор буй. Олон улсын дээрх жишгүүдээс харсан ч төрөөс зах зээлд үнэ тогтоох гэхээсээ бодлогоор буюу нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар инфляцыг зорилтот түвшинд барих боломжтой юм.