Баянгол дүүргийн XV хороонд байрлах “Кимбаб чонгүг” гэх хоолны газарт засвар хийж байхад нь барилгын хана нурж, 15 настай хүү дарагдаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 18-нд гарсан. Нурангид дарагдаж амиа алдсан хүү Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, ахтайгаа хамт цагийн ажил хийж байсан талаар ХЭҮК-оос мэдээлсэн юм.
Манай улс хуулиараа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц ажлын байранд ажиллуулахыг хориглодог. Гэвч 18 насанд хүрээгүй хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж, эрүүл мэнд, цаашлаад аминд нь аюул учруулж буйг прокурорын байгууллагаас анхааруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг эргэн сануулав. Тодруулбал, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлж, аюулгүй байдлыг нь хангаагүй, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй есөн төрлийн эрсдэл бүхий ажлын байранд ажиллуулахыг хориглодог. Жишээ нь, барилга, уул уурхайн салбар болон ажлын бус цагаар ажиллуулах, хүнд ачаа өргүүлэх, баар, цэнгээний газарт хөдөлмөр эрхлэхийг хориглодог юм.
Ч.Цэлмэг