Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар И.Баттөгсийг Засаг даргад нэр дэвшүүлж, 40 төлөөлөгч нь 100 хувийн саналаар дэмжсэн байна. Улмаар Засаг даргаар томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр тогтжээ. Хотын дарга асан Х.Нямбаатарын “хор найруулгаас” үүдэн тус дүүрэгт ийнхүү хөдөлгөөн өрнөсөн юм. Учир нь тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг энэ сарын 11-нд өөрийнхөө орлогчоор томилж, дөрвөн өдөр ажиллуулснаа огцруулчихсан билээ. Нийслэлийн Засаг даргын орлогч хийхийн тулд Г.Жаргалсайхан дүүргийн Засаг даргаасаа чөлөөлөгдсөн гэсэн үг. Тиймээс түүний орны хүнийг ийнхүү тодруулсан байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга болж буй И.Баттөгс нь БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, Өвөр Монголын их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. Мөн МУИС-ийг эдийн засагч, санхүүгийн менежментээр дүүргэсэн. 2014-2020 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажилласан, 2020-2025 онд тус дүүргийн Тамгын газрын дарга байсан нэгэн аж. Тэрбээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү дүүргийн Засаг дарга болж буй юм байна.