Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Kids еxpo 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 29-нөөс ирэх сарын 1 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурлан хүүхэд, залуучуудын соёл, боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм.
“Kids еxpo 2026”-гийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн хөтөлбөрийг нэг дор төвлөрүүлэн зохион байгуулах аж. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт, танин мэдэхүйн уралдаан, тэмцээн, уламжлалт тоглоом наадгай зэрэг боловсрол, соёлын олон талт үйл ажиллагаа явуулахаас гадна урлагийн тоглолт ч толилуулах юм байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 100 байгууллага нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцоно. Үүнээс гадна гэр бүлээрээ тухлан амрах зориулалттай “Family chill zone”, спорт болон хөдөлгөөнт тоглоомын талбайг тусгайлан байгуулж, иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.
У.Цэцэг