Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг Э.Болормаа тэргүүтэй 19 гишүүн өргөн барьжээ. Тэд энэ талаараа өчигдөр мэдээлэл хийв. Манай улсад банк, банк бус санхүүгийн байгууллага, аппликейшний зээлгүй иргэн ховор болсон. Тэгвэл санхүүгийн эл харилцаанд иргэдийн эрх их зөрчигддөг. Тиймээс иргэний эрх, нэр хүндийг хамгаалах, санал, гомдлоо шийдүүлж, шаардлагатай үед хохирлоо барагдуулах боломжийг уг хуулиар нээж өгөх юм байна. Тухайлбал, санхүүгийн байгууллагын ажилтнууд иргэний тухайн газарт батлан даагчаар огт бүртгүүлээгүй ажлын газрын хүн, хамаатан, найз нөхөд рүү нь залгаж, зээлээ төлөхийг шаардан, хувь хүний нууцыг задалж, нэр хүндэд халддаг жишээ маш түгээмэл. Тэгвэл санхүүгийн байгууллагын ажилтнууд ийм үйлдэл гаргахыг дээрх төсөлд хоригложээ. Мөн санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгохдоо мэдээллийг бүрэн өгдөггүй. Өөрсдөд нь ашиггүй ч иргэдэд хэрэгтэй мэдээллийг нуудаг байна. Урт хугацаатай зээл авсан иргэн боломжтой үедээ үндсэн зээлээс хасуулах замаар хүүгийн төлбөрийг бууруулж болдог ч энэ талаар ажилтнууд иргэдэд хэлдэггүй гэнэ. Харин одоо тэд бүх мэдээллийг иргэнд ил тод хэлж, танилцуулах үүрэг хүлээх нь.
Банкнуудын дотоод аудитын мэдээллээр жилд 47 мянган иргэнээс гомдол гаргадаг ч 0.6 хувийг нь л шүүхээр шийддэг байна. Дээрх хуулийг баталснаар иргэд санхүүгийн харилцаатай холбоотой аливаа гомдол, саналаа 30 хоногт багтаан гаргаж, нэмэлт төлбөргүйгээр шийдүүлэх, хохирлоо барагдуулах боломжтой болох юм. Нийт 80 сая төгрөгт багтах гомдлыг энэ хуулиар шийдүүлэх аж.