Манай улсад эхийн эндэгдэл, дутуу төрөлт, перинаталь өвчлөл, эндэгдлийн голлох шалтгааны нэг нь жирэмсний хожуу хордлого буюу преэклампси болон түүний хүндрэл хэвээр байгааг эх барих эмч нар анхаарууллаа. Энэ нь эх, нярайн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг тул жирэмсний хяналтад эрт, тогтмол хамрагдаж, эрсдэлийг хугацаа алдахгүй илрүүлэх нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам гэнэ.
Преэклампсигаас сэргийлэх өдөр энэ сарын 24-нд тохиох юм. Үүний хүрээнд жирэмсний хожуу хордлогыг эрт илрүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн эмч нар эмнэл зүйн сургалт зохион байгуулжээ. Сургалтаар нийслэл болон орон нутгийн амаржих газрын 50 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж, жирэмсний хожуу хордлогын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, шинэ биохимийн маркер үзүүлэлтүүдийн талаар мэдлэгээ дээшлүүлсэн байна.
ДЭМБ-ын мэдээллээр жирэмслэлтийн 3-8 хувьд преэклампси тохиолддог бөгөөд үүний хүндрэлээс шалтгаалан дэлхий даяар жил бүр 76 мянган эх, 500 мянган нярай энддэг гэнэ. Хожуу хордлого нь цусны даралт ихсэлттэй холбоотой жирэмсэн эмэгтэйд илэрдэг ноцтой хүндрэл аж. Жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн төрснөөс хойш зургаан долоо хоногийн дотор илэрдэг байна. Мөн ийм хордлоготой эмэгтэйчүүдэд хожуу насанд зүрх, судасны өвчин, тархинд цус харвах эрсдэл 2-10 дахин өндөр байдаг аж. Иймд жирэмсний эрт үед хяналтад тогтмол хамрагдах, архаг хууч өвчнөө эмчлэх, эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих нь преэклампсиас урьдчилан сэргийлэх арга гэдгийг эмч нар хэллээ. Ташрамд, манай улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурсан ч эх, хүүхдийн эндэгдэл өссөн байна. Өнгөрсөн онд 17 эх эндсэн нь өмнөх оныхоос дөрвөөр нэмэгджээ.
Ч.Болор