Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Уг тогтоолд махны үнийн өсөлт, хөөрөгдөл, нөөцийн махны хомсдолтой холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгасан. Долоодугаар сарын 1 хүртэл нөөцийн махыг үргэлжлүүлэн худалдахаар боллоо. “И-баримт”- аас харахад нэг хүн их хэмжээгээр нь авах тохиолдол их байна. Тиймээс нөөцийн махны худалдаанд хяналт тавина. Мөн нийслэлээс бэлдсэн нөөцийн махнаас борлуулсан болон үлдсэн хэмжээнд зөрүү гарсан. Нөөцийн махны бүрдүүлэлтэд Засгийн газар онцгой анхаарна. Нэр бүхий есөн компанитай гэрээ хийсэн юм билээ. Ингэхдээ хонины махыг 13, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдахаар тохирсон. Эдүгээ агуулахад үлдсэн байгаа 1400 тонн махыг эл үнээр борлуулна. Зургаадугаар сарын 15-наас хойш шинэ мах нийлүүлнэ” гэлээ.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Гэрээтэй компаниуд нөөцийн махаа борлуулж буй гэх ч иргэдэд хүртээмжгүй байна. Нөөцөд одоо 1400 тонн мах байгаа атал борлуулахгүй зогсоожээ. Учрыг лавлахад Улаанбаатар хотын ерөнхий менежер түр хүлээж бай гэсэн чиглэл өгсөн гэнэ. Энэ бүхний учрыг хуулийн байгууллага шалгана” хэмээсэн юм.