
Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, халдвар авагчдын тоо нэмэгдсэн учир Улсын болон Нийслэлийн онцгой комиссынхон энэ сарын 15-наас 23.00-06.00 цагт хөл хорио тогтоож, автозамын болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон. Үүнтэй холбогдуулан орон сууц, гэр хорооллын бүсэд цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж, хамгаалалтад гарч буй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны ажил, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот, нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад төрлийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан юм. Харамсалтай нь, эл хөл хорио ажилтай нэгэнд дарамт, ажилгүйд нь архидах боломжийг олгож байна гэхэд хилсдэхгүй нь.
Согтуу иргэдийг шалгах нь битгий хэл хашхирч, агсарсан нэгэнд ч шаардлага тавьсангүй
22.30 цагийн үед замын хөдөлгөөн хэвийн, бүр түгжрэл үүсэх нь холгүй байлаа. Хүн бүр хөл хорионоос урьтаж гэртэй харих гэсэн нь тэр. Үүнээс хойш 30 хүрэхгүй минутын дараа замын хөдөлгөөн сийрэгжиж, цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарч эхлэв. Ажил нь оройтож тарсан хүмүүс такси барих боломжгүй, алхаж явахаас өөр аргагүй. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Монгол гуравдугаар сургуулиас Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг, Хил хамгаалах ерөнхий газар хүртэл нэг цаг 30 минут алхав. 2-3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эргүүл хийж буй 8-9 цагдаагийн машин энэ чиглэлд бий. Энэ хугацаанд 50 гаруй явган зорчигчтой таарсны талаас илүү нь согтуу. Хоёр, гурваараа нийлсэн согтуу иргэдийн зарим нь замын хашлага мөргөн унаж, нөгөө хэсэг нь такси барих гэж гараа сарвагануулна. Тэдний цөөхөн хэд нь хуучирч, муудсан хувцас өмсөж, шуудайтай хуванцар сав үүрсэн гэр оронгүй хүмүүс. Харин ихэнх нь цэвэрхэн хувцаслаж, тамхи баагиулсан “архичид” гэхэд хилсдэхгүй. Цагдаагийн алба хаагчид явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт, шалгалт тавихгүй байгаа учир тэд хажуугаар нь өнгөрсөн эмэгтэйчүүд рүү муухай хашхиран, хараалын үг урсгаж, ёстой л дураараа дургиж байв. Цагдаагийн ажилтнууд хяналт тавихгүй учир тэдэнд ямар нэгэн хохирол учрахгүй. Тиймээс Улсын болон нийслэлийн Онцгой комиссынхны гаргасан шийдвэр тэдэнд хөл хорио бус архидан согтуурах таатай боломж болжээ. Харин ажлаа хийгээд оройтож тарсан нэгэнд нь дарамт болж байна. Нийтийн тээвэр болон автомашин явахгүй учир алхаад гэртээ харихаас өөр сонголтгүй. Алхаж явлаа гэхэд согтуу хүнээс айж, эмээн, гэрэл, цагдаа бараадан харих хэрэгтэй болжээ. Зарим нь бүр хажуугаар өнгөрөхдөө албаар мөрлөж, чанга дуугаар зандарна. Ядаж алба хаагчид нь тэдгээр хүмүүсийг хаашаа, ямар ажлаар явж байгааг нь шалгаж, хурдан гэртэй харих сануулга өгвөл сайнсан. Гэвч согтуу иргэдийг шалгах нь битгий хэл хашхирч, агсарсан нэгэнд ч шаардлага тавихгүй байлаа.
Шалгалт, хяналт шагчинд үйлчлэхгүй
Тэд 18-22 насных бололтой. Энэ баг гурван гишүүнтэй бөгөөд Цайз, Жуков, Кино үйлдвэрийн оршин суугчдад согтууруулах ундаа нийлүүлдэг аж. “Жуков” худалдааны төвийн урд явахдаа эдгээр гурван залуутай зам нийлж таарсан юм. Тэд “Цагдаагийнхан ямар их шалгадаг юм бэ. Ашгүй цүнх шалгасангүй. Байнга дугуй унаж явахаар гар даарах юм” гэж хоорондоо ярина. Өмнөх захиалгаа хэрхэн хүргэж өгснөө ярьж дуусаагүй байхад дараагийн дуудлага нь ирлээ. Нэг нь утсаа аваад “Хүргэлтээр явж байна аа. Та хаана хүргүүлэх юм. Цагаан юм л байна даа” гэж хариулах нь сонсогдов. Хоёр залуу нь арай ойрын хүргэлтэд, нэг нь дугуйгаа унаад арай зайтайд явдаг болж таарав. Энэ мэт шагчин, архичинд шаардлага тавихгүй бол хөл хорио тавих хэрэг байна уу. Тэд согтуу ч гэсэн хүн. Вирусийн халдвар авах эрсдэлтэй шүү дээ.