“Хэн нэгнийг анх хармагцаа л амьдралынхаа ханийг олсон мэт мэдрэмж төрж байсан уу? Одоо л очиж уулзахгүй бол дахиж хэзээ ч харахгүй юм шиг санагддаг тохиолдол бий юү? Чамайг хармагц надад тийм мэдрэмж төрлөө. Чи жааз сонсдог уу? Чарли Паркер таалагддаг уу?” гэх мэтчилэн нэгэн залуу үл таних бүсгүйгээс давхцуулан асууна. Бүсгүй өөдөөс нь гайхан харж байгаад кафенаас гарлаа. Үүний дараа зөөгч ирж, бүсгүй америк хүн учраас франц хэл мэдэхгүй гэдгийг залууд тайлбарлахад тэрбээр гүйн гарч, бүсгүйг хайсан боловч олж чадсангүй.
Энэ бол “Парис, би чамд хайртай” киноны нэгэн хэсэг. Их хотод өрнөж буй санаандгүй учрал, болзоо, хосуудын тухай өгүүлдэг богино хэмжээний хэд хэдэн бүлгээс бүрддэг уг кино 2006 онд нээлтээ хийсэн билээ. Үүний дараа “Нью-Йорк, би чамд хайртай”-г бүтээсэн нь мөн л үзэгчдийн дуртай бүтээл болж, Токио, Шанхай зэрэг хотыг араасаа дагуулсан.
Тэгвэл дэлхийн хотуудад өрнөдөг хайрын тухай цуврал одоо Монголын нийслэлд үргэлжлэх нь ээ. “Улаанбаатар, би чамд хайртай” кино хийх эрхийг Монголын “Creative art” групп авчээ. Уг кино 10 хэсгээс бүрдэх ба тус бүрийг өөр найруулагч бүтээх юм билээ. Одоогоор гурван найруулагч сонгогдсоны нэг нь “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма миа” киноны найруулагч Б.Чингүүн. Түүнтэй холбогдлоо.
-Таныг “Ulaanbaatar, I love you” киноны нэг хэсгийг хийж буй талаар сонслоо?
-Тийм ээ. “Парис, би чамд хайртай”, “Нью-Йорк, би чамд хайртай” киноны үргэлж лэл “Улаанбаатар, би чамд хайртай” төслийг хэрэгжүүлж байна. Францын талаас зохиогчийн эрхийг нь авсан.
-Зохиогчийн эрхийг ямар шалгуураар авдаг бол?
-Энэхүү кино төслийг хэрэгжүүлэгч багийнхан кино урлагийн чиглэлээр гадаадад сурсан, тодорхой уран бүтээл хийсэн байх шаардлагатай. Бид өмнө нь хийсэн бүтээлүүдээ Франц руу явуулж, дүгнүүлсэн юм.
-Монгол уран бүтээлчид хийж байгаа учраас үндэсний онцлог, уламжлал, ёс заншлыг харуулсан хэсгүүдийг оруулах уу?
-“Улаанбаатар, би чамд хайртай”-г хийж байгаа нь гадаадад Монголын нэрийг сурталчлах нэг алхам болж байна. Тиймээс зан заншил, соёлоо харуулсан зүйлүүдийг оруулж өгнө. Гэхдээ их хотын амьдралд хэрхэн шингээх, тусгах асуудлыг найруулагч нь хариуцна. Монгол 10 найруулагч арваад минутын богино хэмжээний кино хийж, “Улаанбаатар, би чамд хайртай” хэмээх нэг том бүтээл босгох юм.
-Найруулагчдыг сонгож дууссан уу?
-Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн болон С.Бат-Амгалан, Д.Жаргалсайхан нар ажиллах нь тодорхой болсон. Бусад найруулагчтай гэрээ хийх шатандаа явж байна.
-10 найруулагч нэг бүтээл дээр ажиллахад хүндрэл гарах болов уу?
-Найруулагч бүр өөр агуулга, үзэл санаатай бүтээл хийнэ. Гэхдээ зохиолын гол шугамыг бид өгнө. Тухайн найруулагч гол дүрээ сонгох боломжтой. Салангид кинонуудыг хооронд нь холбох ажлыг шилжилтийн найруулагч гүйцэтгэх юм. Гэхдээ 10 киноны зураг авалтыг нэг баг хариуцаж байгаа. Киногоо ирэх хавраас үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн.
-Францчууд санхүүжилтийг гаргаж байгаа юу. Олон улсын уран бүтээлчидтэй хамтрах уу?
-Францаас ямар нэгэн санхүүжилт аваагүй. Бид бүх зүйлээ бие дааж хийнэ. Гадаадын найруулагч, жүжигчид кинонд оролцохгүй. Киноны зургийг авч эхлэх үеэр төслийг санаачлагч продюссер Эмануэль Бенбини ирнэ. Зураг авалтын ажил дуусаж, эвлүүлгээ хийсний дараа өнгө шүүлт, дууны найруулга зэрэг ажлаа Бээжинд хийхээр тогтсон.
Б.ЭГШИГЛЭН