
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой шинээр хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн аж. Эл төсөл нь хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Төслийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Элчин сайд Траян Христеа “Европын холбоо 2015 оноос хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр дэмжин ажиллаж байна. Бид өмнөх Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон шинэ инноваци нэвтрүүлж, 2500 гаруй ажлын байрыг бий болгосон. Шинээр хэрэгжүүлэх эл төсөл залуучууд, эмзэг бүлгийнхний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ” хэмээн онцоллоо.