Хөвсгөл аймгийн дахь хилийн болон улсын тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан монгол, хятад нийлсэн есөн хүнийг хилчид тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу саатуулжээ. Тус аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын нутаг, Улаан тайгын дархан цаазат, Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолбор газарт орон нутгийн эрх мэдэлтнүүдийн оролцоотойгоор хууль бусаар ногоон хаш олборлож буй талаар манай сонин энэ оны гуравдугаар сарын 5-ны дугаартаа “Цогцолборт газрын баялгийг олборлоход нам дагасан албан хаагчид хүч хавсрах уу” нийтлэлээрээ уншигчдад хүргэсэн. Тухайн үед усан хөөргөөр “зэвсэглэсэн” 20 гаруй хүн харилцаа холбооны антен засах нэрээр морин уналгатай тухайн бүсэд нэвтэрсэн юм. Тэгвэл энэ удаа хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ашигт малтмал хайх, олборлох зорилгоор хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй талаар тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас есөн нэгж техниктэй, 36 алба хаагч тухайн газар оронд 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж, дээрх хүмүүсийг саатуулсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хилийн дэглэм зөрчигсөд туулах чадвар сайтай автомашинаар дээрх газарт хүрээд зогсохгүй, тэсэрч дэлбэрэх бодис ашигласан байж болзошгүй гэнэ. Өдгөө энэ хүмүүсийг тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй.