Өнөөдөр гадаа +13 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Есдүгээр сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 251 дахь өдөр бөгөөд он дуусахад 116 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2. Буд гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.10, зарах ханш 39.50, юанийн авах ханш 442.20, зарах ханш 443.00, вонийн авах ханш 2.44, зарах ханш 2.45 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт Төрийн ордонд Азийн Архитекторуудын чуулган болно.
- 9.00 цагт Хангарди ордонд НИТХ хууль эрх зүйн зарим зохицуулалт хийх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжсэн талаар мэдээлнэ. Утас: 99037310, 89755575
- 10.30 цагт Улсын дээд шүүхийн гадна талбайд АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн н.Алтанхуяг мэдээлнэ.
- 11.00 цагт B production Монголдоо анх удаа ашиглалтанд оруулж байгаа Английн алдарт Solid State Logic (SSL), Quested болон АНУ-ын Wes Lachot компанитай хамтран олон улсын стандартыг хангасан, DOLBY SURROUND тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн студийг танилцуулна. Утас: 99945858
- 11.00 цагт “Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
- 11.30 цагт “Барилгын хөгжлйн төв” -д Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциациас “Барилга, орон сууц 2022 үзэсгэлэн яармаг” болон барилгын салбарын цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91000200, 91000222
- 11.40 цагт Соёлын яаманд “Бичиг үсгийн олон улсын өдөр-2022“-ийн хүрээнд “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлт болно.
- 12.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Цайны цагаараа-Зангиагүй уулзалт” зохион байгуулна. Утас: 89017101
- 14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд Нийслэл болон орон нутаг дахь Ерөнхий боловсролын 60 сургуульд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардуулна. Утас: 88102915
- 18.00 цаг Улсын их дэлгүүрийн урд талын Усан оргилуурын дэргэд “Молко” олон ангит уран сайхны киноны нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр тохиож байна.
- Түүнчлэн өнөөдөр Пакистан улсад Ялалтын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1979 онд PINK хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн дуучин, жүжигчин, продюсер Alecia Beth Moore мэндэлжээ.
- 1978 онд Техранд болсон бослогыг дарах зорилгоор цэргүүд босогчдын эсрэг гал нээж, 3000 орчим хүний амийг авч одсон нь түүхэнд ХАР БААСАН ГАРИГ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.