Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Ган-Очир
Монголын эдийн засгийн бодлогын өнгө аяс сүүлийн 20 гаруй жил нэг чиглэлд хэлбийж ирсэн. Тэр нь халамж, татаас, мөнгө тараалт зэрэг эрэлтийг дэмжих бодлого. Сонгуулийн мөчлөг бүрийн өмнө улс төрийн намууд хэн нь илүү халамж амлах вэ гэдгээр өрсөлдөж, богино хугацааны улс төрийн ашиг сонирхол нь урт хугацааны бодлого, шийдлийг орхигдуулж ирсэн юм. Үүний үр дагаварт, бид өнөөдөр нэгэн нийтлэг дүр зурагтай нүүр тулж байна. Энэ нь үнэ өссөн, хүртээмж муудсан, хомсдол үүссэн.
Өдөр тутмын амьдралд энэ нь илүү тод харагдана. Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ байнга өснө. Орон сууцын үнэ олон хүний хувьд дийлэхийн аргагүй өндөр болсон. Орон сууцын хөнгөлөлттэй хүүтэй зээлийн дараалал хэдэн мянгаар тоологдоно.
Сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд сугалаанд найддаг. Зарим үед шатахуун авахын тулд шөнөжин дугаарлах ч энгийн үзэгдэл. Энэ бүхэн санамсаргүй зүйл биш, харин бодлогын алдааны үр дагавар юм. Асуудлын гол нь бид эрэлтийг нэмэгдүүлэхдээ хэт анхаарч, нийлүүлэлтийг орхигдуулсан явдал. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн гар дээр мөнгө тавьж, худалдан авах чадварыг нь нэмэгдүүлсэн ч, тэдний авах ёстой бараа, үйлчилгээ хангалттай хэмжээнд бий, эсэхийг төдийлөн анхаараагүй. Үр дүнд нь авах хүсэлтэй хүн олон, харин бараа, үйлчилгээ нь цөөн. Ийм нөхцөлд үнэ өсөх, дараалал үүсэх, хомсдол бий болох нь зайлшгүй.
Монголын улс төрд сүүлийн үед нэг өөрч лөлт ажиглагдаж эхэлж байна. Хэт зүүний дээрх өнгө аясаас баруун тийш хэлбийх шинж. Төрийг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, татварыг бууруулах тухай яриа нэмэгдсэн. Энэ нь нэг талаас олон нийтийн дэмжлэг авах улс төрийн тактик байж болох ч, нөгөө талаас бодит нөхцөл байдалд тулгуурласан хариу үйлдэл юм. Учир нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийг тогтвортой байлгах боломжгүй гэдгийг бодлого боловсруулагчид “ойлгож” эхэлжээ.
Гэхдээ энд бас нэг ноцтой эрсдэл бий. Бид зүүн жигүүрийн популизмаас зугтахдаа баруун жигүүрийн популизм руу гулсаж орох магадлалтай. Өөрөөр хэлбэл, “мөнгө тараах” энгийн шийдлийг “татвар бууруулах” гэсэн өөр нэг энгийн шийдлээр солих аюул. Жишээ нь, татварыг бууруулбал эдийн засаг автоматаар өсөж, улмаар татварын орлого нэмэгдэнэ гэх ойлголт түгээмэл. Гэвч энэ нь бүх нөхцөлд хэрэгждэг эдийн засгийн хууль биш. Зарим тохиолдолд татвар бууруулах нь богино хугацаандаа эдийн засгийн идэвхжлийг дэмжиж чаддаг ч, буруу тооцоолбол эсрэгээрээ дунд хугацаандаа төсвийн орлогыг бууруулж, алдагдлыг тэлж, эдийн засгийг илүү эмзэг болгодог. Үүнтэй адил “зах зээл бүхнийг өөрөө шийднэ” гэх итгэл ч бодит байдлаас тасарсан хэт энгийн ойлголт. Зах зээл сайн ажиллах салбарт үр ашигтай байж чаддаг ч, нийлүүлэлт хязгаарлагдмал, эсвэл нийгэмд зайлшгүй хэрэгтэй салбарт дангаараа хангалттай шийдэл болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, бодлогын алдааг нэг туйлаас нөгөө рүү шилжүүлэх нь шийдэл биш. Жинхэнэ шийдэл нь туйлшралд биш, харин тэнцвэрт оршдог.
Энэ асуудлыг илүү өргөн хүрээнд ойлгохын тулд Америкийн туршлагаас авч үзье. Энэ талаар Америкийн улс төр, эдийн засгийн жишээн дээр Klean and Thompson (2025) нарын бичсэн “Abundance: How we build a better future” номд дурдсан хэсгийн гол санааг товчлон хуваалцаж байна.
Нийлүүлэлтийн талыг орхигдуулж ирсэн нь эдийн засгийн бодлого, улс төрийн сүүлийн хэдэн арван жилийн гол асуудал, бодит байдал юм. Улс төрийн намууд нийлүүлэлтийн асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй, зөвхөн эрэлтийг дэмжих бодлого барьснаас үүссэн алдаа юм.
Эрэлтэд төвлөрсөн бодлого нь татаас, тэтгэмж, ваучер зэрэг арга замаар хэрэглэгчдэд мөнгө өгч, хэрэгцээтэй зүйлс худалдан авах боломжийг нэмэгдүүлсэн. Харин барилга, эрүүл мэнд, боловсрол, технологийн үйлдвэрлэл зэрэг нийгэмд зайлшгүй хэрэгтэй нийлүүлэлтийг хангах талаар хангалттай бодлого хэрэгжүүлээгүй. Үүний үр дагаварт, үнийн өсөлт, хүртээмжийн хямрал, өрийн өсөлт, инфляцын эрсдэл үүссэн.
Гэхдээ “Ковид-19” цар тахал болон сүү лийн үед нийлүүлэлт доголдсон асуудлууд (Орос-Украины, Израил, Иран дахь дайн)-ын улмаас улс төрчид нийлүүлэлтэд төвлөрөх шаардлагатайг ухаарсан. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийг орхигдуулсан алдаа нь эрэлт, нийлүүлэлт хоёрыг тэнцвэртэй авч үзэх шаардлагыг тодотгож, цаашдын улс төр, эдийн засгийн бодлогын суурь анхаарах асуудал болж байна.
Эдийн засгийн гол цөмд эрэлт, нийлүүлэлт байдаг. Нийлүүлэлт нь ямар нэг бараа, үйл чилгээ ямар хэмжээгээр байгааг, харин эрэлт нь хүмүүс тэр зүйлийг хэр их хүсэж байгааг илэрхийлнэ. Эрэлт, нийлүүлэлт хоорондоо тэнцэх үед эдийн засаг тэнцвэржиж, харин зөрөх үед эдийн засаг тогтворгүй болдог. Хэт бага нийлүүлэлттэй үед хэт их эрэлт байвал хомсдол үүсэж, үнэ өсөх, дараалал, дугаарлалт бий болох бөгөөд хуваарилалт хийх (төрөөс картын систем нэвтрүүлэх) шаардлага гарч болдог. Харин хэт бага эрэлтийн орчинд хэт их нийлүүлэлт хуримтлагдвал илүүдэл үүсэж, ажилгүйдэл өсөн, эдийн засгийн уналт бий болно.
Бодит амьдрал дээр эрэлт, нийлүүлэлт харилцан уялдаатай. Харин улс төрд тэднийг салгаж хуваасан. Жишээ нь, АНУ-ын Ардчилсан нам, Бүгд найрамдах нам тэднийг хувааж авсан мэт. Нийлүүлэлтийн тал гэдгийг ихэвчлэн улс төрийн баруун жигүүрийн үзэл гэж ойлгодог. Энэ нь 1970-аад онд эдийн засагч Артур Лаффер салфетка дээр зурсан алдарт муруйг санагдуулдаг. Тэр муруйгаар татвар хэт өндөр байвал эдийн засаг удааширч, улмаар татварын орлого буурдаг болохыг харуулдаг. Үүнээс үүдэн Бүгд найрамдах нам олон арван жилийн турш баян хүмүүсийн татварыг бууруулах нь бүтээлч, авьяастай хүмүүсийг илүү шаргуу ажиллахад түлхэц өгнө гэж итгэж ирсэн. Ингэснээр эдийн засаг өсөж, татварын орлого нэмэгдэнэ гэж үздэг байв.
Татварыг бууруулах нь тодорхой нөхцөлд хэрэгтэй бодлогын хэрэгсэл байж болно. Татвар хэт өндөр байвал хүмүүсийн ажиллах сонирхлыг бууруулдаг гэдэг нь бас үнэн. Гэвч татварыг бууруулах нь түүний орлогыг өсгөнө гэсэн санаа бол, Жорж Бушийн хэлснээр, “voodoo economics” (ид шидийн мэт, бодит үндэсгүй эдийн засаг) юм.
Энэ бодлогыг туршиж үзсэн. Бүтэлгүйтсэн. Дахин туршсан. Дахин бүтэлгүйтсэн. Ижил зүйлийг дахин дахин туршаад өөр үр дүн хүлээх байр сууриа орхиогүй давтагдсан бүтэлгүйтлүүд нь эдийн засгийн нийлүүлэлтийн талын талаар санаа зовох нь хүртэл буруу зүйл мэт ойлгогдоход хүргэсэн. Энэ нь френологи (гавлын хэлбэрээр хүний зан чанарыг тодорхойлдог гэж үздэг худал онол) гэдэг утгагүй санаанаас болоод эмч нар тархины өвчнийг эмч лэхээс татгалзах ёстой гэдэгтэй ижил хэрэг юм.
Гэхдээ баруун жигүүрийн консерватив хөтөлбөр нь үйлдвэрлэл, бүтээмжийг хяналтгүй чөлөөт зах зээлийн үр дүн гэж ойлгуулсан. Нийлүүлэлтийн талын эдийн засаг гэдэг нь үндсэндээ төрийг хувийн хэвшлийн замаас зайлуулах тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, хү мүүсийг илүү их ажиллуулахын тулд татварыг бууруулах, компаниудыг илүү их үйлдвэрлүү лэхийн тулд төрийн зохицуулалтыг багасгах тухай өгүүлдэг.
Гэвч нэг асуулт гарч ирнэ. Нийгэмд зайлшгүй хэрэгтэй боловч зах зээл өөрөө хангаж чаддаггүй, эсвэл хангахыг хүсдэггүй зүйлсийн нийлүүлэлтийг яах вэ? Эндээс зүүн жигүүрийн үзэл буюу АНУ-ын Ардчилсан намынхан энэ чиглэлийн нийлүүлэлтийн бодлого ярьж орж ирэх ёстой мэт харагдана. Гэвч “Рейганий хувьсгал”-аас (1980-аад онд Рональд Рейганий үед өрнөсөн улс төр, нийгмийн хөдөлгөөн бөгөөд АНУ-ыг консерватив бодлого, хязгаарлагдмал засгийн газар, чөлөөт зах зээлийн эдийн засаг руу чиглүүлсэн) айж, мөн социалист мэт харагдахаас болгоомжилсон Ардчилсан намынхан ихэнхдээ эрэлтийн тал дээр төвлөрөхөөр өөрсдийгөө хязгаарласан.
1978 онд “төр бидний асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн үгийг Бүгд найрамдах намын Рейган бус, харин Ардчилсан намын ерөнхийлөгч асан Жимми Картер анх хэлсэн. Энэ нь дараа нь болох үйл явдлын урьдчилсан дохио байлаа. 1996 онд Ардчилсан намын дараагийн ерөнхийлөгч Билл Клинтон “том төрийн эрин үе дууссан” гэж зарласан. Өөрөөр хэлбэл, АНУын төр, засгийн газар Америкийн асуудлыг шийдэж чадахгүй гэсэн ойлголт хоёр намын хамтын үр дүн болж, давтан бататгагдсан юм.
Зүүн жигүүрийн буюу прогрессив үзлийн амлалт, бодлогууд нь олон арван жилийн турш нэг үндсэн санаанд тулгуурлаж ирсэн. Ядууст мөнгө, эсвэл ваучер өгч, зах зээлд байгаа ч тэдний авч чадахгүй байгаа зүйлсийг худалдан авах боломж олгох явдал байв. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал, хүнсний талон, орон сууцын ваучер, боловсролын тусламж, хүүхэд асрах дэмжлэг, тэтгэврийн нэмэгдэл зэрэг нь хүмүүст илүү их мөнгө өгч, худалдан авах чадварыг нэмэгдүүлдэг.
Эдгээр нь чухал бодлого, дэмжлэгүүд боловч хэрэглэгчдэд мөнгө өгөхөд төвлөрснөөс биш, тухайн бараа, үйлчилгээний нийлүү лэлтийг хангах талд харьцангуй бага анхаарал хандуулсан. Татвар төлөгчдийн их хэмжээний мөнгө зарцуулсан ч тэр мөнгө яг юу бүтээж, ямар нийлүүлэлт бий болгож байгаад хангалттай анхаараагүй. Энэ нь зах зээл өөрөө өөрийгөө тэнцвэржүүлнэ гэсэн итгэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хангалттай мөнгө өгвөл хувийн хэвшил асуудлыг шийднэ гэсэн хүлээлт байв. Гэвч төрийн бодлогын хэрэгжилт, нийлүүлэлтийн бодит хязгаарлалтыг дутуу үнэлсэн хэрэг болсон.
Улс төрийн хөдөлгөөнүүд асуудлыг хаанаас олж харсан, тэр газраасаа л шийдэл хайдаг болсон. Жишээ нь, Ардчилсан нам татаас өгөхөд төвлөрсөн ч үйлдвэрлэлийн бодит хүндрэлүүдийг төдийлөн анхаараагүй. Хязгаарлагдмал нийлүүлэлттэй бараанд татаас өгөх нь үнэ өсөх, эсвэл хүртээмжийн хомсдолд хүргэсэн.
Эндээс Бүгд найрамдах намын түгээмэл хариулт гарч ирдэг. “Эрэлтийг татаасаар дэмжих хэрэггүй, зах зээл өөрөө шийднэ”. Гэвч орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэгт энэ хандлага хангалтгүй байж болно.
Хязгаарлагдмал нийлүүлэлттэй бараанд татаас өгөх нь үнэ өсөх эсвэл хүртээмжийн хомсдолд хүргэдэг. Орон сууцын нийлүүлэлт хүрэлцээгүй үед түүний зээл, татаас нэмэгдэх нь зах зээл дээрх өрсөлдөөнийг улам өсгөж, улмаар үнэ өсөх, харин зорилтот бүлгийн хувьд хүртээмж сайжрахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Эмнэлэг, эмчийн тоо хязгаарлагдмал байхад эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг тэлэх нь үйлчилгээ авах дарааллыг уртасгаж, зарим тохиолдолд үнэ болон ачааллыг нэмэгдүүлдэг.
Ийм нөхцөлд Бүгд найрамдах намын түгээмэл хариулт нь “эрэлтийг дэмжих бус, зах зээлийг чөлөөтэй байлгах хэрэгтэй” гэсэн байр суурь байдаг. Гэвч орон сууц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь хэрэгцээний салбаруудыг зөвхөн зах зээлийн зохицуулалтад даатгах нь хүртээмж, тэгш байдлын асуудлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй.
Эдгээр бодлогын зөрчилдөөнөөс шалтгаалан бодит байдал дээр олон давхарга бүхий үр дагавар бий болсон. Нэг талаас, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрүүд өргөжсөн. Нөгөө талаас, хангалттай хэмжээний шинэ орон сууц, эмнэлэг, боловсролын байгууллага, дэд бүтэц бий болгох ажил удааширсан хэвээр байв.
Үүний үр дүнд орон сууцын үнэ дундаж орлоготой харьцуулахад хэд дахин өсөж, залуу үеийн хувьд үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж улам хүнд болсон. Эрүүл мэндийн салбарт зардал тогтмол нэмэгдэж, даатгалын ачаалал өссөн. Боловсролын салбарт оюутны зээлийн өр хуримтлагдаж, дээд боловсролын хүртээмж өрийн дарамттай хослох болсон.
Эдийн засгийн энэ бүтцийн өөрчлөлт нь хэрэглээний түвшинд харьцангуй элбэг, хямд бараа бүтээгдэхүүн (утас, телевизор, хувцас гэх мэт) өргөн хүртээмжтэй болсон ч, суурь амьдралын чанарыг тодорхойлдог салбарууд илүү үнэтэй, хязгаарлагдмал хэвээр үлдэх парадокс бий болгосон.
Энэ зөрүү нь улс төрийн маргааныг ч улам хурцатгасан. Нэг тал нь татвар бууруулах, зохицуулалтыг багасгах замаар үйлдвэрлэлийг идэвхжүүлэхийг зорьсон бол нөгөө тал нь татаас, халамжийн хөтөлбөрөөр хэрэглэгчийн талын дарамтыг бууруулахыг эрмэлзэж байв. Гэвч хоёр хандлага хоёулаа нийлүүлэлтийн суурь асуудлыг хангалттай хэмжээнд шийдэж чадаагүй.
Цар тахлын дараах үе энэ тэнцвэргүй байдлыг илүү тод илчилсэн. Хэрэглээний эрэлт огцом өсөхөд нийлүүлэлтийн сүлжээ доголдож, үнэ хурдацтай нэмэгдсэн. Үүний хариуд бодлого боловсруулагчид үйлдвэрлэл, логистик, дотоод дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд илүү анхаарах шаардлагатайг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн.
Ийнхүү сүүлийн жилүүдэд бодлогын чиг хандлага аажмаар өөрчлөгдөж, зөвхөн эрэлтийг дэмжихээс гадна, нийлүүлэлтийг шууд нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрүүд илүү хүч тэй хэрэгжиж эхэлсэн. Үүнд дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, чип болон өндөр технологийн салбарт хөрөнгө оруулах, дэд бүтцийг өргөжүү лэх зэрэг арга хэмжээнүүд орно.
Эцэст нь хэлэхэд, эрэлт, нийлүүлэлтийг тус тусад нь биш, харилцан уялдаатай цогц систем гэж ойлгох шаардлага улам тод болж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт нь зөвхөн хэрэглээг дэмжих, эсвэл зөвхөн үйлдвэрлэлийг чөлөөлөх аль нэг талын бодлогоор биш, харин хоёуланг нь зэрэгцүүлэн тэнцвэржүүлсэн бодлогоор хангагдах боломжтой юм.