“Манай улсын нийт сурагчийн 17 хувь нь хувийн сургуульд сурч байна. Төрийн болон төрийн бус өмчийн сургуульд суралцагчдын тооны харьцаа алдагдсан. Олон улсад нийт суралцагчдын 10 хувиас доошгүй нь төрийн бус өмчийнхөд сурдаг” хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэнэт ухаарсан аятай ярьсан. Боловсролын салбарт тэгш бус байдал улам гүнзгийрч, хот, хөдөө, улс, хувийн өмчийн сургуулийн сургалтын чанар тэнгэр, газар шиг зөрүүтэй болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Сайдын хэлснийг цааш нь задалж, багахан тоо бодож үзье. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрийн 717 нь төрийн, 183 нь хувийн өм чийнх. Нийт сургуулийн 20.3 хувийг төрийн бус өмчийнх эзэлж байна гэсэн үг. Монголын хувийн сургуулиудын холбооноос өгсөн мэдээллээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн 183 сургуулиас 154 нь Улаанбаатар, 28 нь орон нутаг, нэг нь БНСУ-д бүртгэлтэй гэнэ. Эдгээр сургуульд нийт 80 525 хүүхэд сурдаг бөгөөд улсын хэмжээнд суралцаж буй 10 хүүхэд тутмын нэг нь төрийн бус өмчийнхөнд харьяалагддаг юм байна.
“ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ ТӨР БОДЛОГООР ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ”
Хүн бүр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Гэвч амьдран суугаа газрын байршил, эцэг, эхийн нийгэм, эдийн засгийн боломж, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэрэг ялгаатай байдлаас үүдэн хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй. Боловсролын тэгш бус байдал улам хавтгайрч, хот, хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.8 жилийн зөрүүтэй болчихлоо. Үүний хохирогч нь хүүхдүүд. Уг нь Үндсэн хуульд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан. Нөгөө талд нь иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль ажиллуулж болно гээд заачихсан. Энэ нь хоёр үзүүртэй зүү шиг хэмээн боловсрол судлаачид шүүмжилдэг билээ. Төр нэг гараараа хүүхдүүдэд боломж олгоод, нөгөөгөөрөө хязгаарлаж буйтай адил. Ерөнхий боловсролыг төлбөртэй олгох юм уу, эсвэл төлбөргүй хүртэх эрхтэй юү гэсэн эргэлзээ үүсгэдэг учраас тэр юм. Энэ тухайд “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Нийгмийн хамгийн том асуудал нь тэгш бус байдал. Үүнийг шийдэх ёстой гэдэгт дэлхий даяар санал нэгддэг. Тэрхүү ангалыг улам холдуулж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлж буй зүйл нь боловсрол дахь тэгш бус байдал. Энэ нь нүдэнд илэрхий харагддаг. Тухайлбал, өндөр төлбөртэй хувийн сургуулиуд хотын төвд байрладаг байсан. Одоо хоёр, гурван гүүр даваад нүүчихлээ. Чинээлэг хэсэг буюу хэрэглэгчээ дагаад явчихсан. Эл байдал нь боловсролын салбарыг төдийгүй хотын иргэдийг хоёр хувааж байна. Улсын болон хувийн өндөр төлбөртэй сургуульд суралцагчид гэсэн ялгаа үүссэн. Тэд цэцэрлэг, ерөнхий боловсролын цаашлаад их, дээд сургуульд ч хоорондоо уулзалдахгүй. Гадаад улсад сурахаар явчихна. Энэ нь харилцан ойлголцож, хамтран амьдрах чадвартай нэгдмэл нэг нийгмийг бүтээх ёстой гэсэн боловсролын салбарын зорилго, үүргийн эсрэг болчихлоо. Тэгэхээр хувийн сургуулиудыг төр бодлогоор дэмжиж болохгүй. Улс орнуудад хувийн сургуулиуд байдаг. Гэхдээ төрийн боловсролын тогтолцоо нь хүртээмжтэй, чанартай газар хувийн сургууль цөөн, элсэлтгүй, улсынхаас чанаргүйд тооцогддог. Харин манай улсад хувийн сургууль улам бүр нэмэгдэж буй. Гэхдээ ийм сургууль аймгийн төвд маш цөөн. Сумд бараг байхгүй. Энэ нь хөдөөгийн хүн ам орлогогүй, хувийн сургуульд хүүхдээ сургах чадваргүй байна гэсэн үг. Тэгэхээр хувийн сургууль хүүхдийг төлбөрийн чадвараар нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг биш үү. НҮБ-ын нэгдэн орсон гэрээ, конвенцод хэрэв ийм ялгарварлан гадуурхалт үүсгэдэг бол хувийн сургууль байх ёсгүй, үүнийг төрөөс бодлогоор зохицуулна гэж заасан байдаг. Тухайн гэрээ, конвенцод Монгол Улсын хуулиас өөрөөр заасан бол олон улсынхыг мөрдөх ёстой. Хүүхдийг ямар нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхсан л бол гэдэгт анхаарал хандуулах цаг иржээ” гэв.
Манай улс хуулиараа хувийн сургууль байгуулахыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ төрөөс тавих шаардлагад нийцсэн бол гэж Үндсэн хуульд тодотгосныг дахин сануулъя. Нэг ёсондоо хуульд заасан төрөөс тавих хяналт маш сул байгаа нь боловсролын ялгааг гааруулж, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийнхан хоорондоо “дайсагнах” хэмжээнд хүргэсэн гэхэд буруудахгүй. Танай, манай хэмээн эцэг, эхчүүд ч хоорондоо талцах болсон. Гэтэл хүүхдүүд нэг л нийгэмд амьдрах нь гарцаагүй. Хувийн сургуулиудад төрөөс зөвхөн материаллаг шаардлага тавьдаг болохоос сургалтын үйл явц, гарч буй үр дүнг нь хянахгүй байгааг боловсролын салбар дахь иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, зах зээлд нь даатгаад, төлбөр төлсөн эцэг, эх чүүдийн үүрэг, хариуцлага болгоод орхичихсон явдлыг засаж, залруурах хэрэгтэйг онцолсон юм. Хувийн сургуулиудад хүүхдийн эрх зөрч сөн олон тохиолдол гардаг ч салбарын яам нь хамаарахгүй, хоёр хүний асуудал мэтээр ханддаг нь өрөөсгөл гэдэгтэй санал нэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, төр хүүхдийн эрхийг хамгаалж чадаагүйгээс, улсын болон хувийн сургуулиудын хоорондын ялгааг улам гүнзгийрүүлж, нөхөх боломжгүйд хүргээд байна.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ УРЬДЧИЛАН АВАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ЯРИАГҮЙ ГЭВ
Эрх баригчид нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд хэмээн ярьдаг ч энэ хоёр салбар хөсөр хаягдсан. Салбарын сайд солигдох бүрдээ системийг орвонгоор нь эргүүлж, сурагчдыг туршилтын туулай болгодог явдал сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Тухайлбал, Боловсролын сайдаар эргэн ирсэн Л.Энх-Амгалангийн “Боловсролын салбарыг чөлөөлөх” хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд нь эхнээсээ шүүмжлэл дагуулаад буй. Тэрбээр хувийн сургуультай холбоотой хэд хэдэн асуудал ярьсны нэг нь улсын сургуулийн багш нарыг өндөр цалингаар урвуулан авдаг байдлыг зогсоож, төрийн өм чийнхөд эргүүлэн авчирна, сургалтын төлбөрийг жилээр нь тооцон авч, банканд хадгалдаг, суудлаар барьцаалж урьдчилж төлбөр авдаг явдлыг болиулна хэмээсэн. Мөн хувийн сургуульд 18 мянган хүүхдийн сул орон тоо байна. Гурван ээлжээр хичээллэдэг, нэг ангид 40-45лаа сурдаг байдлыг хувийн сургуулийнхтай хамтарч, “задлах” талаар мэдэгдсэн. Тэгвэл хувийн сургуулийнхан энэ тухайд өөр байр суурь илэрхийлсэн юм.
Монголын хувийн сургуулиудын холбооны үйл ажиллагаа хариуцсан менежер У.Тамир “Уг асуудалтай холбоотойгоор төрийн бус өмчийн 77 сургуулиас түүврийн аргаар судалгаа авч нэгтгэсэн. Судалгааны дүнгээс харахад сургалтын төлбөрийг нэг удаа бүтнээр нь авдаг сургууль 2.6, хоёр хуваан авдаг нь 36.4, гурав болон түүнээс дээш нь 57.1 хувийг эзэлсэн бол бусад хэлбэрээр авдаг сургууль 3.9 хувь байна. Төрийн бус өмчийн сургуулиудын авч буй суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийг “барьцаа” хэмээн ойлгох нь эдийн засгийн агуулгын хувьд үндэслэлгүй. Учир нь сургуулиуд хичээлийн жил эхлэхээс өмнө багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, анги танхимын засвар, үйлчилгээ хийх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, программ хангамж, аюулгүй байдал, дулаан, цахилгаан, даатгал зэрэг үйл ажиллагааны зайлшгүй зардлуудыг урьдчилан санхүүжүүлдэг. Түүнч лэн багш, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хүрээнд амралтын мөнгө олгох зэргээр бүгд урьдчилсан санхүүжилт шаарддаг үндсэн зардлууд юм. Сургуулиуд эцэг, эх, асран хамгаалагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор сургалтын төлбөрийг нэг дор бус, тодорхой хугацаанд хуваан төлөх боломжийг бүрдүүлдэг. Мөн сургалтын төлбөрийг улирлаар хатуу хуваарилан төлүүлэх зохицуулалт нь бодит нөхцөлд хэрэгжихэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд урьд чилгаа төлбөр авахыг хориглох нь сургуулиудын үйл ажиллагааны төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж, хэдэн анги нээх, хэдэн багш ажиллуулах, ямар хэмжээний нөөц бүрдүүлэх зэрэг үндсэн шийдвэрийг урьдчилан тооцоолох боломжийг хязгаарлах эрсдэлтэй. Харин энэхүү асуудлыг эцэг, эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний ил тод байдал, төлбөр буцаалтын журам, хугацаа болон мэдээллийн стан дартыг сайжруулах замаар зохицуулах бүрэн боломжтой. Ерөнхий сайд хувийн хэвшлээ дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн хэдий ч Боловсролын сайдын байр суурь эсрэг байгаа. Хэрвээ хувийн хэвшилд сурч буй 80 мянган сурагчийг улсын сургуульд оруулах шаардлага үүсэхэд 640 хүүхдийн багтаамжтай 60 сургууль, нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, жил бүр 220 тэрбум төгрөгийн урсгал зардал шаардагдана. Хувийн сургуулиудыг төлөөлж буй байгууллагын хувьд сургалтын төлбөрийг урьдчилан авахыг бүрэн хориглох тухай ямар нэгэн санал, байр суурь илэрхийлээгүйг албан ёсоор мэдэгдье” гэв.
Мөн тэд төрийн бус өмчийн сургуулийн 30 мянга орчим бага ангийн сурагчийг үдийн хоол, “Сүү” хөтөлбөрт хамруулдаггүй зэрэг нь хүүхдийг ялгаварласан хэрэг гэдгийг дурдсан юм. Харин хувийн сургуулиудад хувьсах зардал олгож буй. Ингэхдээ сургуулийн байршил болон сургалтын төлбөрөөс хамаарч, жилд 10 сая төгрөг хүртэлх төлбөртэй 157 сургуульд хувьсах зардал олгодог байна. Үүнээс дээш төлбөртэй бол улсын төсвөөс хувьсах зардал олгодоггүй. Их, бага хамаагүй төлбөр авч байгаа л бол татвар төлөгчдийн халааснаас хувьсах зардал нэрээр мөнгө нэмж өгөх шаардлагагүй хэмээн үзэх хүн цөөнгүй. Энэ тухайд боловсрол судлаач Э.Сүндарь “Хувийн сургуулиуд төлбөрөө ядаж наймдугаар сарын 1-30-ны хооронд авах хэрэгтэй. Дараа жилийн төлбөрийн 4-5 сард бүтэн аваад, зургаан сар хадгаламжид хийхэд тэр байгууллага шууд ашигтай ажиллаж байгаа бол эцэг, эхчүүд өр тавьж, зээлийн хүү төлж байгаа шүү дээ. Зохицуулалт яалт ч үгүй дутагдаж байна. Нэг л их өндөр зээл авсан гоё барилгууд, сургалтын чанар, олон улсын шалгалтын дүн нь чамлалттай” хэмээсэн юм.
ЯДАЖ Л БАГА, ДУНД СУРГУУЛЬД НЬ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОЁ
2025-2026 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн нийт сургуулийн 1.7 хувь нь жилд нэг, 18.2 хувь нь 1-5 сая төгрөгийн төлбөртэй байна. Харин 53 хувь нь 5-10, 18.8 хувь нь 10-20, 8.3 хувь нь 20 саяас дээш төгрөгийн төлбөртэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд 20 саяас дээш төгрөгийн төлбөртэй сургууль 15 байхад нэг саяынх нь ердөө гуравхан байгаад асуудал оршиж буй. Сургалтын төлбөр төдийгүй чанар, агуулга, гарах үр дүн, улс, хувийн хэмээх марафоны золиос болж, нийгмийн тэгш бус байдлын ангал руу “унаж” буй хүүхдүүдэд тэгш боломж олгоход төрөөс анхаарал хандуулах, хэт нэг талыг барихгүй, ядаж л бага боловсролыг хүртээмжтэй, чанартай эзэмшүүлэхэд төр засаг анхаарал хандуулах цаг болжээ. Олон улсад хувийн болон улсын сургуулиуд хоорондоо зохистой тэнцвэр хадгалах ёстой гэж үздэг байна. Суурь боловсролын үндсэн ачааллыг төрийн сургууль үүрч, хувийн сургуулиуд нь сонголт, өрсөлдөөн, инновац бий болгох үүрэгтэй хэмээдэг. Жишээ нь, Финландад бараг бүх сурагч төрийн сургуульд сурдаг, хувийнх маш цөөн. Японд бага, дунд боловсролд төрийн сургууль давамгай ч ахлах болон их сургуульд хувийн хэвшлийнхэн хүчтэй түрж орсон байдаг. Өмнөд Солонгост бол төрийн сургууль зонхилдог ч хувийнхны оролцоо өндөр гэнэ. Энэ бүхнээс харахад чанартай боловсролыг төр нийтэд тэгш хүртээмжтэй олгож, үүнийгээ бодлогоор зохицуулж чадвал орлогоос хамаарсан боловсролын ялгаа хэт өсөхөөс сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.