-Үндсэн хуульд үлдсэн хотуудыг хэзээ бодитоор байгуулах вэ -
“Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй” гэж хүчин төгөлдөр байдлыг нь “эцэг хууль”-д дархалсан Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 16-нд баталсан түүхтэй. Дөрөвдүгээр зүйл буюу “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх” гэсэн хэсгийн 3-т “Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна” хэмээсэн буй.
Г этэл Дархан, Чойр, Эрдэнэт хот бүхэл бү тэн 34 жилийн турш өнөөгийн нутаг дэвсгэр дээрээ Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон гэх аймгийн статустайгаа мартагдсан суурин болж үлдсэн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг тэртээ 1993 онд батлахдаа Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон голомт дархан, эрдэнэтийнхнээ “түр аймаг болгосон”-оо мартаж, бүр Дархан, Баян-өндөр сумынхан болгож нийгэм, эдийн засаг, эрх зүйн байдлыг нь улам дордуулсанд иргэд, оршин суугчид нь мөнхийн гомдолтой байдаг билээ.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хот байгуулах асуудал сөхөгдөх тоолонд “Үндсэн хууль зөрчинө шүү дээ” гэдэг ганц тайлбар хэлээд, хойш тавьдаг байсан. Гэтэл Үндсэн хуулийн хавсралт хуульд заасанчлан Дархан, Чойр, Эрдэнэт хотын статус анхнаасаа тодорхой байсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг 1993 онд органик хуулиар тогтоож өгөхдөө үүнийг нь баталгаажуулахын зэрэгцээ бусдынх нь байр суурийг ч тодорхой болгох ёстой байтал тэгсэнгүй. Энэ хооронд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд дөрвөн удаа өөрчлөлт оруулж, тав дахийг нь 2025 онд өргөн барьсан боловч өнөө сураг алдарчхаад байна. Нийслэл Улаанбаатараасаа өөр нэг ч хотгүй улсын мөрөөдөл, хүслэнг далимдуулан туршилтыг бол олон янзаар хийсэн түүхтэй. Үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын хэтэвч түнтийж, улс төрд хотын фракцын эрх мэдэл, нэр нөлөө улам эрчээ авч, нам дотроо сүр хүч нь үлэмж нэмэгдэхийн хэрээр галзуурал газар авах болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болохын төлөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хэмээх “давхар дээл”-ээ хүртэл тайлж, энэхүү албан тушаалд очдог жишиг тогтсон гэхээр ямархуу хэмжээний төсвийн эрх мэдэл, улс төрийн ашиг сонирхол цаана нь нуугдаж байдгийг илтгэнэ. Сүүлийн дөрвөн жилд л гэхэд нийслэл Улаанбаатар хотын төсөв, татвар, торгууль хэд дахин нэмэгдэж, төгрөгийн болон ам.долларын бонд хүртэл гарган өр зээл тавьж, татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй.
Налайх, багануурынхан хүртэл энэ зуурт хэдэнтээ хот байгуулж “тоглон”, Ш.Хаан, Н.Тавинбэх нараар хотын захирагчаа ч томилж амжсан юм даг. Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум тэргүүтэй улсын зэрэглэлтэй хотыг жинхнээсээ байгуулчихвал бүсийн эдийн засгийн төвүүд бий болж, төсвийн төвлөрөл задарч, орон нутгийн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр нийслэл Улаанбаатарын улс төрийн нөлөө сулрах “эрсдэлтэй” учраас зориуд гацааж, аргацаах сонирхол манай улс төрчдөд байдаг юм биш биз.
ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ХУГАЦААГ НЭГ ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛААД Ч ТУСЫГ ЭС ОЛОВ
Одоогоос яг нэг жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд мөн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байв. Үндэслэл нь үнэн инээдэмтэй. 2024 оны зургаадугаар сарын 5 буюу УИХ-ын сонгуулиас өмнө амжиж баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга) болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль, “Хот байгуулах тухай” УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг нэг жилээр тус тус хойшлуулах зорилгоор уг төслийг боловсруулсан гэдэг. Учир нь хоёрхон жилийн өмнөх мөрөөдлөөр бол Монгол Улс 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хоттой, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул дөрвөн хоттой болохоор байв шүү. 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг ч заахаа мартаагүй юм.
УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолоор “хот шинээр байгуулсантай холбогдуулан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч энэ хооронд эрх баригч МАН-ын дотоод зодоон эрчимжиж, хотуудын эдэлбэр газрын хэмжээг тогтоох, чиг үүрэг нь шилжиж байгаа хотод өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүү лэх арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагтай зөвшилцөх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд анхаарах сөхөөгүй байлаа. Иймд дээрх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах үүднээс хэрэгжилтийг нь нэг жилээр хойшлуулах шаардлага үүссэн хэрэг. Он цаг гэдэг хайр гамгүй урсдаг юм хойно тоолуур гүйсээр өнөөх нэгэн жил нь өнгөрсөн ч одоогоор улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах шийдвэр мөн л тодорхойгүй хэвээр байна.
УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БАЙГУУЛАХ ЗЭРЭГЛЭЭ ШИГ ШИЙДВЭР
Сонгууль юу юугүй хаяанд тулчхаар МАНынхан “Одоо л та бүгдийн маш олон жилийн мөрөөдөл биелж, хотын иргэн болох эрх зүйн үндэс бүрдлээ шүү дээ” хэмээн олон зуун мянган сонгогчийн хүлээлт, сэтгэл зүйд тулгуурласан пиарыг 2020, 2024 онд хоёуланд нь ашиглаж байв. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын эрх зүйн үндсийг анх удаа илүү тодорхой болгож, 57.2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан юм.
“Улсын зэрэглэлтэй хот”, “орон нутгийн зэрэглэлтэй хот” гэдгийг Үндсэн хуульд анх удаа шууд нэрлэж оруулснаас гадна хот өөрийн удирдлагатай, тусдаа төсөв санхүүтэй байх, аймаг-сумын засаг захиргаанаас чиг үүргээ шилжүүлж болох эрх зүйн үндсийг тавьсан гэдгээрээ тэд Дархан, Эрдэнэт, Зуунмод, Багануур, Налайх, Чойр, Чойбалсан, Даланзадгад, Чингис хот тэргүүтэй томоохон төв суурин газрын сонгогчдыг хоёр сонгууль дараалан “хошхируулсан” удаатай. Одоо тэгэхээр УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдын өмнө очоод “Хар даа, хуульд өөрч лөлт орчихсон байгаа биз. Одоо тэгэхээр хот байгуулах асуудал юухан байх вэ” гээд гурав дахь удаагаа сэнхрүүлэх оролдлого хийвэл итгэж болохгүй ээ л гэсэн үг. Бархирч чарлаж байвч цуурай нэг хоосон, барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон гэдгийг санаарай.
ДЭЛХИЙН ХОТУУДААС ТЭС ХӨНДЛӨН
Дэлхийн олон орон нийслэлээсээ гадна эдийн засаг, үйлдвэрлэл, боловсрол, технологийн бие даасан төвүүдийг зориуд бодлогоор бий болгосон байдаг. Тухайлбал, Францад Лион, Марсель, Тулуза зэрэг хот Парисаас тусгай статустай хөгждөг. Өмнөд Солонгост Сөүлээс гадна Бусан (3.5 сая хүн амтай), Инчон (3.1 сая орчим хүн амтай) зэрэг метрополитан хот нь тусдаа захиргаа, төсөв, хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдэлтэй. Хятадад Шанхай (24.7 сая хүн амтай), Чунчин (28.8 сая хүн амтай) хот бүс нутгийн төрөлжсөн эдийн засгийг дангаар зангидаж чаддаг. Японы хоёр дахь том хот, баруун хэсгийнхээ эдийн засаг, соёлын гол төв болох Осака орчмын метрополитан бүсэд 8.9 сая гаруй хүн аж төрдөг бол Нагоя, Фүкүока зэрэг хот мөн л бүсийн тулгуур төв, төвлөрлийг задлах бодлогын нэг хэсэг байсаар ирсэн. Тэгвэл Монгол Улс 3.6 сая хүн амтай атлаа бараг тал нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрсөн дэлхийн цөөн орны нэг хэвээр байна. Энэ бол зөвхөн хүн амын нягтрал, төвлөрлийн асуудал биш юм.
Өөр хотуудыг байгуулах, өсөж томрох институцийн боломжгүй байлгасны цаад шалтгаан юу вэ. Аж үйлдвэртэй, их сургуультай, дэд бүтэцтэй, хэдэн мянган хүн амтай атлаа наад зах нь Дархан, Эрдэнэт хот яагаад өнөөдрийг хүртэл “томорсон сум”, “өргөжсөн аймаг” хэвээр яваад байна вэ. “Хөдөөгийн сэргэлт”, Бүсчилсэн хөгжлийн бодлого яагаад урагшилдаггүй гээч. Үнэндээ Монгол Улс шинэ хот байгуулахаас илүү Улаанбаатарыг улам томруулах бодлогоор явж иржээ. Үр дагаварт нийслэл хот нь улс орноо “залгиж”, харин орон нутаг нь нийслэл рүү хүнээ “нийлүүлдэг” бүтэц тогтов. Хэрэв энэ янзаараа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг бодлогоор бий болгож чадахгүй бол Улаанбаатарын түгжрэл, утаа, хэт төвлөрөл зэргийг далимдуулж, мөнгө угаах авлигын сүлжээ амь бөхтэй оршин тогтносоор л байна. Энэ тохиолдолд “20 минутын хот”, “Шинэ Хархорум”, “Шинэ Зуунмод” хот байгуулах мөрөөдөл цаасан дээр үлдэж, байгуулаагүй хотын захиргааныхан баахан цалин аваад зүгээр суусныхаа төлөө хэзээ нэг өдөр хариуцлага хүлээнэ.
Л.Аргамжин