Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын 44 тэрбум төгрөгөөр барьсан, долоохон ширхэг модтой цэцэрлэгт хүрээлэн, түүний дор байрлах далд зогсоол хэл ам таталсаар байна. Тухайлбал, саяхан ашиглалтад оруулсан далд зогсоол нь өнгөрсөн баасан гарагт орсон бороонд тараа таниулсныг иргэд зураг, дүрс бичлэгээр баримтжуулан нийгмийн сүлжээнд байршуулжээ. Борооноор зогсоолын автомашин зорчих хэсгээр ус тунарч, дээврээсээ дусаал гоожиж байсан аж. Далд зогсоол агаарын солилцоо муутайн дээр борооны ус гоожсоны улмаас битүү чийгтжээ.
Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр барьсан далд зогсоол, 1.3 га талбайг хамарсан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж, Улсын комисс хүлээн авсан билээ. Улмаар автомашины далд зогсоолыг Цагаан сарын дараа нээж, иргэдэд төлбөртэй үйлчилж буй. Далд зогсоол нь 109 машины багтаамжтай. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн хэмээн тухайн үед сурталчилж байв.
Зогсоолын төлбөр 30 минут нь 1000, хоёр цаг хүртэл 2000, түүнээс дээш 3000, шөнийн тариф нь 5000 төгрөг. Өдөрт дунджаар далд зогсоолын төлбөрөөс 500-700 мянган төгрөг “олж” байгаа аж. Гэвч уг зогсоол нь ганцхан борооны ая даахгүй ийн хөгөө чирлээ. Цаашид зуны их усан бороог хэрхэн даван туулахыг хэлж мэдэхгүй юм.