Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарын хамгийн том арга хэмжээ болох “Улаанбаатар боловсрол-2026” үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь дотоод, гадаадын их, дээд сургуулиудын үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх замаар төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Үзэсгэлэнгийн үеэр боловсролын байгууллагууд сургалтын орчин, инновац болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ дэлгэрэнгүй танилцуулж, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүртээмжтэй хүргэв. Мөн X-XII ангийн 15 000 гаруй сурагчийг тусгай чиглэлийн автобусаар тээвэрлэж, үзэсгэлэн, фестивальтай биечлэн танилцах боломжоор хангасан бол орон нутгийн сурагчдад сургуулиудын мэдээллийг цахим хэлбэрээр дамжууллаа.
Түүнчлэн Боловсролын үнэлгээний төв болон Боловсролын зээлийн сангаас төгсөх ангийн сурагчид, эцэг, эхчүүдэд зориулан сургалтын зээл, тэтгэлэг, үнэлгээний тогтолцооны шинэчлэлийн талаарх албан ёсны мэдээллийг багтаасан тусгай хөтөлбөрүүд ч танилцуулсан юм.