Улсын хэмжээнд гар, хөл, амны өвчин дэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс тав дахин нэмэгдээд байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тодруулбал, 2026 он гарснаас хойш уг өвчний 2200 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд 445 хүүхэд эл өвчнөөр халдварлаж байж.
Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг цочмог халдвар юм. Бохир гар, ялгадас, вирусээр бохирдсон ус, хүнс, хөрс, эд зүйлсээр болон агаар, дуслын замаар дамжин халдварладаг бөгөөд нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног аж. Халдвар цочмогоор эхэлж, өндөр халууран, хоолой, залгиур улайна. Улмаар 1-2 хоногийн дараа амны хөндий, завж, буйл, хэл, гарын алга, хөлийн ул, хурууны салаа, өгзөг хэсгээр улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг. Үүний улмаас хүүхдэд гүйлгэх, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрдэг юм байна.
Хоёр болон түүнээс дээш хоног халуурах, тууралт идээлэх, шархлах, бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, цэртэй ханиах зэрэг зовуурь илэрвэл өвчин хүндэрч буйн илрэл гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх, тархвар судлаач Д.Нарангэрэл анхааруулав. Тэрбээр “Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн хөнгөн явцтай байдаг. Энэ үед өрхийн эмчийн хяналтад 14-21 хоног гэрээр эмчилгээ хийлгэж болно. Харин хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа, энцефалит, асептик менингит, цочмог саажилт явагдах аюултай тул заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаалгах, түүхий ус уулгахгүй, гудамж, талбайд үүссэн тогтмол ус, шалбаагт тоглуулахгүй байх, мөн өрөө тасалгааны цонхыг хоёр цаг тутам онгойлгож, нэвт агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж хэвших хэрэгтэй” гэж зөвлөлөө.
О.Ундрах