Аймшигтай дүнтэй авлига, албан тушаалын гэмт хэргийн маш ноцтой мэдээлэл задардаг. Тэр нь нийгмийг талцуулдаг. Төд удалгүй замхарч алга болдог үзэгдэл Монголд дэлгэрлээ. Тэдгээрийн нэг нь “Бодь”-ийн 110 сая долларын авлигын хэрэг болж байна. Энэ мэдээлэл 2026 оны 3 дугаар сард ил болж, түүнээс хойш сар гаруй олны анхааралд байсан юм. Анх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: “Бодь интернэшнл” ХХК-ын оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Голомт” банканд байрших данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших дансанд 286,318,170, 604 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 110 сая ам.доллар шилжүүлсэн. “Голомт финаншиал” группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр тус авилгын мөнгийг тараасан” гэж мэдээлсэн. Тэрээр уг 110 сая ам.долароос хүртсэн улстөрчдийг ч зарласан. Түүнээс хойш даяар анхаарч улстөрчид: Энэ бол нүүрсний жинхэнэ хэрэг, заавал шалгах ёстой гэсэн. АТГ хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ зарлаж байв.
Мөн “Бодь интернэшнл”-ийн гуйцэтгэх захирлаар ажиллаж оффтейк гэрээг байгуулсан, 110 сая ам.долларыг тараасан байж болзошгүй А.Амундра: Хэдэн цүнх хэний машинд орсон бэ гэх зэргээр гадаадаас олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тарааж эхэлсэн. Түүний мэдээлэл маш ноцтой. А. Амундрагийн хувьд гэрчийн хамгаалалтад авбал Монголд ирж хэргийн талаар дэлгэрэнгүй мэдлэг өгнө гэж байсан. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ хэргээр УИХ-ын түр хороо байгуулах санаачилга гаргаж байв.
Харин эх сурвалжаас өгч байгаа мэдээллээр “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигыг хөндөхгүй байх дээр улс төрийн тохироо хийгдсэн байна. Энэ дагуу Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А. Амундра мэдээллээ зогсоожээ.
М.Бат-Эрдэнэ