Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Мэргэжлийн боловсролын сургууль НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Манлайлалд хүрэх зам” төслийнхөнтэй хамтран мэргэжил сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт тусгай хэрэгцээт 14-18 насны 60 сурагч оролцож, мэргэжлийн боловсролын сургалт, хөдөлмөр эрхлэлтийн ирээдүйн чиг хандлага, өөрийн сонирхол, чадварт нийцсэн мэргэжил сонгоход шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Мөн Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчид бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ. Тус сургуульд оюуны болон тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй 15-45 насны 144 хүн суралцдаг юм байна. Тэд бэлэг дурсгал урлаач, тогооч, талх, нарийн боов, хэвлэлийн эх бэлтгэгч, гар утас засвар, дохионы хэлмэрч зэрэг найман мэргэжлээр суралцаж буй аж. Энэ арга хэмжээ нь хүүхдүүдэд мэргэжлээ сонгох, хөдөлмөр эрхлэх боломж олгох, зорилгоо тодорхойлоход бодит дэмжлэг үзүүлж буйг зохион байгуулагчид онцоллоо.
БАЙНГЫН ХЭВТЭРТ 1700 ХҮҮХЭД БАЙНА
Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс үүнийг 2013 оноос “Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэн бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Энэ хүмүүсийн 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд аж. Тэдний 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай бол 1700 хүүхэд байнгын хэвтэрт байдаг аж. 814 хүүхэд цэцэрлэгт, 1263 нь сургуульд хамрагдаж чадахгүй байна.
Ч.Цэлмэг