Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, ойн санг нэмэгдүүлж, нөхөн сэргээх зорилготой энэ өдрийг өнөө жил “Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгууллаа.
Уламжлал ёсоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн бямба гарагт олны хөлд дарагдаж, хаврын жихүүн өдрийг хөдөлмөрч хүмүүсийн хүрзний чимээ, чийг үнэртсэн шинэхэн хөрс амилуулсан юм. Нийслэлчүүдийн “уушги” гэгддэг эл хү рээлэнд өнөө жил 70 гаруй байгууллага, хамт олон нэгдэн “ногоон суварга” босгохоор цугларсан нь тэр. Энэ үйлсэд “Монгол ньюс” компани болон эрхлэн гаргадаг “Өнөөдөр”, “UB post” сонины хамт олон ч нэгдэж, түүхт 30 жилийнхээ ойд зориулж, байгаль эхээ нөхөн сэргээхэд гар бие оролцлоо. Харин бидний суулгасан моддын арчилгааг ирэх дөрвөн жилийн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн баг бүрэн хариуцах юм.
Хөл хөдөлгөөн ихтэй энэ өдрийн бас нэгэн дулаахан, гэгээлэг дүр зураг нь төгсөлтийн баяраа тэмдэглэж буй сурагчид байлаа. Амьдралынхаа шинэ хуудсыг нээж буй тэд өөрсдийн нэрэмжит төгөл байгуулж, тарьсан модоо арчлахаа амлаж байсан нь онцгой санагдав. Эрдмийн баярын зургаа өөрсдийн суулгасан модны дэргэд татуулж, “Энэ мод бидэнтэй хамт өснө” хэмээн бахархалтай өгүүлэх нь залуу үеийнхний байгаль дэлхийдээ хандах хандлага өөрчлөгдөж буйн илэрхийлэл мэт.
Мод тарих нь ердөө нэг удаагийн ажил биш. Энэ бол байгаль хамгаалах соёлыг хойч үедээ өвлүүлэх чухал алхам. Нас бие гүйцсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгөөр хэмжигдэхүйц экологийн болон нийгмийн үр өгөөжийг бүтээдэг гэх тооцоо бий. Түүнчлэн мод нь агаар цэвэршүүлж, хөрсийг хамгаалан, аадар борооны усыг шүүн эрдэсжүүлэх байгалийн “амьд шүүлтүүр” болдгоороо онцгой ач холбогдолтой.
Гэвч байгаль дэлхийдээ туслах гэсэн чин сэтгэлийн цаана заримдаа мэдлэггүй, хариуцлагагүй хандлага нуугдаж буй нь энэ үеэр анзаарагдав. Тухайлбал, бидний хажууханд мод тарьсан нэгэн байгууллагынхан кабель утас багцлагч ашиглан дөнгөж суулгасан нялх мөчиртөө “Нутгийн зөвлөл, Цэцэрлэг сум-100” гэсэн пайз бэхэлсэн байлаа. Дөнгөж суулгасан турьхан мөчрийг боомилон ороосон тэрхүү холбогч нь модны шүүс гүйх, тэлж ургах боломжийг хааж, улмаар хатаж үхэхэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, мод тарих нэрээр сурталчилгаа хийж, эцэстээ тарьсан модоо өөрсдийн гараар “булшилж” буйгаас ялгаагүй гэсэн үг.
Сайны хажуугаар саар гэгчээр жил бүр олон зуугаар нь тарьдаг суулгацаас хэд нь ургаж, хэчнээн нь чимээгүйхэн амь тавьж буйг хэн ч төдийлөн анзаардаггүй аж. Хүрз, хувин барин зураг татуулсан байгууллагууд цахим сүлжээнд пост оруулмагцаа тарьсан модоо мартчихдаг нь нууц биш. Нэг өдрийн “ногоон имиж”-ийн төлөө суулгасан мод төд удалгүй усгүйдэж үхэх тохиолдол цөөнгүй.
Мод бол хүн төрөлхтний адил амьд оршихуй. Усгүйгээр амьдрах боломжгүйгээс гадна хамгийн том мод өдөрт дунджаар 378.5 литр ус “уудаг” гэнэ. Мөн мод тогтмол тарьж, ногоон орчин бүрдүүлснээр цахилгааны хэрэглээг 25-30 хувиар бууруулах боломжтой. Тиймээс тарьсан модоо тогтмол эргэж тойрон, арчилж, тордох нь жинхэнэ хариуцлага билээ.
У.Сүрэн