Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалд томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан өчигдөр хийлээ. Улмаар Дэлхийн банкны албан тушаалтнаас тодруулга авах, яллах дүгнэлтэд дурдагдсан он сарын алдааг засах гэх мэт, зарим нь боломжгүй, нэг хэсэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд засчихаж болохоор зүйлийг хийлгэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж дүгнэн прокурорын хяналтад буцаалаа.
С.Энхболдтой хамт түүний садангийн хүн болох Ө.Эсболд, “Аймарсанаа продакшн”-ы захирал, ЭМЯ-ны “Цахим эрүүл мэнд” төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Б.Амарсанаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, дээрх төслийн ерөнхий захирлаар ажилласан Б.Буянтогтох, “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй бөгөөд тус банк уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн билээ. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас манай Засгийн газарт хандан 1.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаа “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй” гэдэг үндэслэлээр буцаан нэхсэн байдаг. Үүнээс өмнө АТГ-ынхан уг төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалт эхэлж байсан аж. Энэ үед Дэлхийн банкны Integrity vice presidency буюу Мөрдөн шалгах нэгжийн дарга Ричиллу Ломас гэх хүнтэй манай АТГ-ынхан холбогдон шалгалтын ажиллагааг эрчимжүүлснээр манай улсын иргэд завшсан мөнгөнөөсөө дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө авсныг тогтоон битүүмжилсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй БНСУ-ын “Taihan Cable & Solution” гэх компани манай улсын иргэдтэй нийлж компанийн нэрээ ашиглуулсныхаа төлбөрт 200 000 ам.доллар авсныг ч АТГ-ынхан тогтоон баталгаажуулсан юм. Улмаар Дэлхийн банкны Debarnment policy буюу хар жагсаалтад багтаах, хамтарч ажилласан тохиолдолд бага хугацаагаар оруулах зэрэг бодлого, журмыг ашиглан БНСУ-ын талтай хэлэлцэж тохиролцсоноор 1.7 сая ам.долларыг хүүгийн хамт төлүүлсэн билээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас зөвхөн хүүгийн төлбөрт л гэхэд 100 000 гаруй ам.доллар төлчихсөн, үндсэн төлбөрийг хэрхэн барагдуулахаа мэдэхгүй ацан шалаанд орчихсон байхад нь АТГын шуурхай ажиллагааны дүнд нөхөн төлүүлсэн байдаг. Ийм тодорхой болсон хэргийг ялих шалихгүй шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж буй нь эрх мэдэлтнүүдийн үйлдлийг мартагдуулах гэсэн оролдлого юм биш биз гэсэн хардлага төрүүлэв.