Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр гаргалаа. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд очиж танилцуулсан юм. Энэ үеэр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархсанаа илэрхийлээд “Бидний үйл ажиллагаандаа баримтлах үзэл баримтлал, зарчмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад хууль, тогтоомжид тодорхой тусгасан байдаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай шинэ хуулийн үзэл санаа, шинэчлэлийг “амилуулснаас” гадна шүүх эрх мэдлийн хүрээнд олон институцийг шинээр зохион байгуулсан. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг цаашид тууштай үргэлжлүүлж, холбогдох төрийн байгууллагуудтай хуульд заасан чиг үүрэг, журмын хүрээнд хамтран ажиллана. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно” хэмээв.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумд төрсөн, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны доктор цолтой. 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл бүх шатны шүү хэд ажилласан нэгэн.
Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулахад Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчдийн нэг болж томилогдсоноос хойш 22 дахь жилдээ шүүгчээр ажиллаж буй аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг 2011 онд байгуулахад анхны ерөнхий шүүгчээр нь ажиллах болсон бөгөөд 2020 онд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон юм.
Тэрбээр АНУ-ын Вилламеттийн их сургуульд хуулийн магистр, Японы Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-ын Дьюкийн их сургуульд шүүх судлалаар магистрын зэрэг хамгаалж, МУИС-д цөөнгүй жил багшилжээ. Ц.Цогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд шүүхийн бүх хуулийн ажлын хэсэгт багтаж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан гэдэг. Мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад анхаарч, “Нээлттэй шүүх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын шанг татсан юм.