УИХ-ын хаврын чуулганыг долоодугаар сарын 3-нд завсарлуулахаар төлөвлөж буй. Тэгвэл чуулган хаасны дараа буюу ирэх сарын 9-нд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулсан Хүндэтгэлийн чуулган хийхээр болсон байна. Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулна хэмээн УИХын тухай хуулийн 20.1-т заасан. Тиймээс УИХ-ын даргын захирамжийн дагуу ийм шийдвэр гаргажээ. Наадмын өмнө болох энэхүү Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар оролцох юм байна.
С.Уул