ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Саиа Ма’у Пиукала энэ сарын 14-20-ны хооронд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр уржигдар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, ДЭМБ болон АНУ-ын “Сэйнт жүүд” эмнэлгийн хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын үйл явцтай танилцжээ. Эл платформд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс нэгдэн орсон анхны орон болсон юм. Үүний хүрээнд манай улс өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн олон улсын чанарын шаардлага хангасан, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 35 нэр, төрлийн 2.1 тэрбум төгрөгийн эм хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна. Мөн орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, сувилагч, эм зүйч дийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлжээ. Тэрбээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвд мөн ажиллаж, лабораториудын чадавхыг бэхжүүлэх найман нэр, төрлийн 64 ширхэг, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж гардуулав. Ингэснээр үндэсний болон орон нутгийн түвшинд зоонозын халдварыг молекул, биологийн дэвшилтэт технологид суурилан нарийвчлалтай, шуурхай оношлох боломж бүрдсэн аж.
Харин өчигдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзав. Тэд ДЭМБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын тэргүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд цар тахлын сангийн санхүүжилтээр байгуулсан Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг ашиглалтад оруулахад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Ч.Цэлмэг