Кени улсад энэ сарын 6-наас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас 108 хүн амиа алджээ. Гамшгийн улмаас нийслэл Найроби болон баруун, төвийн мужууд илүү хохирол амсаж, авто зам, гүүр, орон сууцын барилга, байгууламж сүйдэж, олон айл өрх орох оронгүй болоод буй аж. Мөн зарим нислэгийг хойшлуулж, хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасарсан хэвээр байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн баасан гаргийн байдлаар 2700 гаруй өрх орох оронгүй болсон тул түр хоргодох байранд шилжүүлсэн гэнэ. Эрэн хайх, аврах ажиллагааг одоо ч үргэлжлүүлж буй бөгөөд сураггүй болсон иргэдийн тоо цаашид өсөх хандлагатайг албаныхан онцолсон юм. Одоогоор Кенийн Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын бусад байгууллагынхан орон нутгийн удирдлагуудтай хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлж, орох оронгүй болсон иргэдийг түр байршуулах, хүнс, цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хөрсний чийгшил дээд цэгтээ хүрч, ус зайлуулах байгууламжийн нэвтрүүлэх чадвар шавхагдсан нь гамшгийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буй гэнэ. Хэдийгээр бүс нутагт бороо багасах хандлагатай буй ч үерийн аюул бүрэн арилаагүй байгааг анхаарууллаа.