Сингапур улсад энэ сарын 28-29-нд болсон, “StemCo” олон улсын олимпиадаас манай сурагчид байгалийн ухааны төрөлд алт, мөнгө, хүрэл, нийт дөрвөн медаль хүртлээ. Үндэсний болон финалын шатны шалгаруулалтаас бүрддэг тус олимпиадад өнөө жил арав гаруй улс өрсөлдсөн бөгөөд Монголоос дөрвөн сурагч шалгаран оролцсоноос бүгд ийнхүү өндөр амжилт үзүүлсэн байна. Тодруулбал, химийн судлагдахууны төрөлд “Сод” сургуулийн IX ангийн сурагч Б.Итгэлмөнх “Үнэмлэхүй аварга”-аар шалгарч, алтан медаль, “iPhone” загварын гар утсаар шагнуулжээ.
Тэгвэл физикийн судлагдахууны төрөлд мөнгөн медалийг МУИС-ийн Завхан аймаг дахь салбар, ерөнхий боловсролын ахлах сургуулийн X ангийн сурагч Б.Чанарав хүртэв. Тус сургуулийн захиргаанаас “Байгалийн шинжлэх ухаанд шамдан суралцаж, сургууль, аймаг, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд бахархалтайгаар дуурсгасан шавь Б.Чанарав болон физикийн багш Ц.Амаржаргал, англи хэлний багш В.Ундармаа, хүүгээ үргэлж дэмжиж, хөгжүүлдэг аав, ээжид нь, олимпиадад оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГ-ынханд талархал илэрхийлье” хэмээн нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Түүнчлэн “Singapore school of Mongolia” сургуулийн VI ангийн сурагч Т.Энхбаясгалан, нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн VI ангийн сурагч Э.Эрмүүн нар байгалийн ухааны нэгдмэл судлагдахууны төрөлд хүрэл мадель тус тус хүртсэн байна. Сонирхуулахад, манай улс “StemCo”-д 2020 оноос хойш оролцож буй бөгөөд олимпиадыг математик, хими, физик, биологи, мэдээлэл зүй гэсэн төрлөөр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн физикийн төрөлд л гэхэд 11 орны 202 суралцагч ур чадвар, мэдлэг оюунаа сорьжээ.