Улаанбаатар хотод холимог тулааны “Fairtex cup-2026” нээлттэй тэмцээнийг торгүй дүрмээр зохион байгуулахад 20 байгууллагын 200 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд тулалдав. Өсвөр үеийнхнээс эрэгтэйчүүдийн 14-15 насныхны 65 кг-ын жинд өрсөлдсөн Э.Хаш-Эрдэнэ (“Эрдэнэ” клуб), эмэгтэйчүүдээс 16-17 насныхад Т.Цэрэнханд (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) нар шилдэг тамирчнаар тодорлоо. Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 77 кг-д улсын аварга У.Батзориг (“One team” & “Ширэн бээлий”), эмэгтэйчүүдээс 60 кг-д дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Алтанчимэг (“One team”) шилдгээр шалгарч, аваргын цом болон “Fairtex Mongolia” брэндийн бэлэг гардан авсан юм.
Багийн нэгдсэн дүнгээр өсвөр үеийнхний ангилалд “Налайх” багийнхан тэргүүлж, “Десант бамбар”, “Batu fighters” клубийнхэн удаах байрыг эзэлсэн. Насанд хүрэгчдийнхэд “One team fighting center” багийнхан хошуучилсан бол “Ширэн бээлий” клубийнхэн мөнгө, “ММА” болон “Hero figthing”-гийн тамирчид хүрэл медальтай өндөрлүүлсэн байна. Түүнчлэн Б.Алтанчимэг “Би бол холимог тулаанч” рийл бичлэгийн уралдааны ялагч болжээ. Тус тэмцээний 14-15, 16-17 болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн тулаанчид Узбекистаны Ташкент хотод тавдугаар сард эхлэх Азийн АШТ-д улсаа төлөөлөн оролцох нь.