“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт ирэх сарын 23-нд болохтой холбогдуулан бэлтгэл ажил, бүртгэлийн явц, замын маршрутын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчид өчигдөр танилцууллаа. Уг марафоныг сонирхогч болон мэргэжлийн тамирчдад зориулсан долоон өөр ангиллаар зохион байгуулах бөгөөд хамгийн богино нь 500 метр, хол нь 42 км байх юм. Одоогоор Кени, Япон, Англи, Орос, Хятад зэрэг орны тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Гүйлтийн зам Их сургуулийн гудамжнаас эхэлж, Энхтайваны өргөн чөлөөг даган Зүүн дөрвөн замаар уруудаж, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур үргэлжлэхээр батлагджээ. Оролцогчид “И-март” төвийн уулзвараар эргэж, Олимпын гүүр даван барианд орох юм.
Марафон зохион байгуулах өдөр 06.00- 18.00 цагт төв замыг бүрэн хаах тул иргэд энэ хугацаанд Их тойруу чиглэлээр авто замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэнэ. Мөн нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 автобусны маршрутыг өөрчлөхийг албаныхан анхаарууллаа.
Э.Сүйлэн