Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ) хамтран “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд зохион байгуулав. Уг арга хэмжээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэл болон ажлын байрны нийгмийн орчны асуудлыг хөндөж, мэргэжилтнүүд практик аргачлал танилцууллаа. Мөн ХАБЭМТөөс эрсдэлийн үнэлгээний стандартын төслийг хэлэлцүүлж, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцсан юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 14-18-нд цахим платформоор дамжуулан ажлын байрны нийгэм, сэтгэл зүйн эрсдэлийг үнэлэх судалгааг 15 салбарын 1918 ажилтны дунд явуулжээ. Уг судалгаанд хамрагдагсдын 64.3 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарынхан эзэлж байна. Ажилтны сэтгэцийн эрүүл мэнд, ажил амьдралын тэнцвэрт байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой уг үнэлгээгээр оролцогчдын 46.9 хувь нь өндөр, 46.7 хувь нь маш өндөр эрсдэлтэй гарсан аж. Салбараар нь ангилбал, эрүүл мэндийнхэн 60.4, боловсрол, шинжлэх ухаан 49.3, соёл урлаг 46.3, эрчим хүчнийхэн 46.2 хувийн эрсдэлтэй гарчээ. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын сэтгэл зүй тогтворгүй байгаагаас үүдэн ядаргаа, түгшүүр, нойргүйдлийн түвшин өндөр гарсан гэнэ. Харин ажлын байрны дарамт, хүчирхийлэл, шахалт хавчилтад өртөж буй шалтгааныг судлахад 71.2 хувь нь яс үндэс, гарал угсаа, 67.5 хувь нь нас болон тэтгэвэр тогтоолгосон байдлаасаа болж гадуурхагддаг байна.
ОУХБ-аас танилцуулсан сүүлийн үеийн тайланд ажлын байрны сэтгэл зүйн дарамт нь дэлхий нийтэд түгээмэл бөгөөд ноцтой асуудал болохыг тэмдэглэжээ. Дэлхийн хэмжээнд нийт ажилтны 35 хувь нь долоо хоногт 48-аас дээш цаг хөдөлмөр эрхэлдэг бол 23 хувь нь ажлын байрны хүчирхийлэлд өртөж, 18 хувь нь сэтгэл зүйн дарамт мэдэрдэг байна. Түүнчлэн орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2024 онд хийсэн судалгаагаар нийт ажилтны 36.2 хувь нь нийгмийн дарамтад өртсөн бол 48.1 хувь нь үндсэн чиг үүрэгт тусгаагүй даалгавар гүйцэтгэдэг нь бүтээмж буурах гол шалтгаан болдог гэж хариулжээ.
У.Сүрэн