Хэвлэлийн хүрээлэнгийнхэн Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Европын холбооны санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төсөл нь дижитал орчны хурдтай өөрчлөлт, хиймэл оюунд суурилсан контентын хэрэглээ эрчимжсэн өнөө үед мэдээлэл үйлдвэрлэх, түгээх болон хэрэглэх хэлбэрийг үндсээр нь өөрчлөхөд чиглэж буйгаараа онцлогтой юм.
Мэдээллийн эрин зууны хурдацтай хувьсал нь худал болон төөрөгдүүлсэн мэдээллийн тархалтыг нэмэгдүүлж, чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс эл төслөөр дамжуулан иргэдийг бэлтгэж, мэдээлэл шүүн тунгаах чадварыг нь системтэйгээр бэхжүүлэхийг зорьсон аж. Түүнчлэн төслийн хү рээнд үндэсний хэмжээний суурь судалгаа явуулж, сургалтын цогц систем болон онлайн платформ бий болгохоос гадна төрийн байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар төлөвлөсөн гэнэ.
Хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь ардчилсан нийгмийн тогтвортой байдлын үндэс бөгөөд энэхүү төсөл нь урт хугацаандаа мэдээллийн чанарыг сайжруулах, хараат бус сэтгүүл зүйг дэмжих, иргэдийн оролцоотой нээлттэй нийгэм бүрдүүлэх ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо. Европын холбооны иргэний нийгмийн байгууллагуудын сэдэвчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй тус санаачилга нь институтийн чадавхыг бэхжүүлэх замаар эмзэг бүлгийн дуу хоолойг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад бодитоор тусгахад чиглэж байгаа юм.
У.Сүрэн