Манай оронд нийт 500 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл үүний 340 орчим зүйл нь нүүдлийн шувуу болохыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс судалж тогтоожээ. Эдгээр шувуу нь хаврын улиралд буюу 2-6 дугаар сарын дунд үеэс дулаан орноос Монголд ирж, өндөглөн зусдаг байна. Улмаар намар 8-11 сард нутаг буцдаг ажээ.
Шувуудын нүүдлийг алсын болон ойрын зайн гэж хоёр хуваадаг. Дэлхийн хэмжээний нутаг дэвсгэрт нүүдлийн шувуудын найман зам бий гэнэ. Үүний гурав нь Монгол орноор дайран өнгөрдөг болохыг тус төвийнхөн хэлсэн. Тодруулж хэлбэл, манай орон дэлхийн нүүдлийн шувуудын гурван том замын уулзвар аж. Зүүн Азиас-Австрали, Төв Азийн дотоод, Баруун Евразийн зам нь Монголыг нүүдлийн шувуудын хувьд стратегийн чухал улс болгодог гэдгийг албаныхан тодотгосон.
Дэлхийн хэмжээнд нүүдлийн амьтдын нийт зүйлийн 49 хувь нь цөөрч, 24 хувь нь устах аюулд ороод буйг саяхан болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын XV бага хурлын үеэр анхааруулсан байна. Тиймээс нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Global initiative on the taking of migratory species” санаачилгыг улс орнуудыг хэрэгжүүлэхийг уриалсан билээ. Үүний дагуу манай улс эл уриалгад албан ёсоор нэгдэж, санаачилгыг эхлүүлснээ зарлаад буй. Ингэснээр нүүдлийн амьтдын замын түншлэл, хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга, идлэг шонхор шувууны олон улсын төлөвлөгөө, талын бүргэд, тоодгийн хамгааллын хөтөлбөрүүд, хил дамнасан бүсүүдийн хамтын ажиллагаанд оролцохоор болсон юм.