Сүүлийн үед зарим иргэн нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг давтан бичүүлсэн зөрчил цөөнгүй бүртгэгдэж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. Тухайлбал, нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, мансууруулах эмийн жор бичүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эмийн жор бичих, олгох аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн сангийн ажилтанд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх газраас анхааруулжээ. Тодруулбал, өвчтөний цахим түүх, өмнөх жор болон эм олгох мэдээллийг шалгах, үйлчлүүлэгчийн мэдээлэл, эмнэл зүйн үндэслэлийг сайтар нягтлах, эмийн сангийн жорын шалгалт, олголтын хяналтыг сайжруулах, сэжигтэй болон давтан жор бичүүлсэн тохиолдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг сануулав. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтан, эмийн санчид холбогдох хууль, журмыг чанд мөрдөж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичих, олгоход хариуцлагатай хандаж, хууль бус эмийн эргэлтээс урьдчилан сэргийлэхийг уриалжээ.
Ч.Болор