УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Н.Баяртсайханд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг удирдан хийгээд прокурорын хяналтад буцаах захирамж гаргалаа.
Н.Баяртсайхан Төвбанкны тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа “Капитал“ банканд томилогдсон эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон. Ингэснээр тус арилжааны банканд 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан юм. Мөн тус банк нь харилцагч, хадгаламж эзэмшигч нарын анхны шаардлагаар төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 8 хүртэлх хугацаанд 111 удаа заавал байлгах нөөцийн тайланг Монголбанк руу явуулж, улмаар төгрөгийн болон валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг хангаж ажиллаагүй байхад нь санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, банкийг албадан татан буулгах бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулсан. Ингэснээр “Капитал банк” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татсан билээ. Мөн Н.Баяртсайхан үндэслэлгүй гэрээ баталж арилжааны “Капитал” банкны эх үүсвэрээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад эд хөрөнгийн давуу байдал бий болгосон. Үүний улмаас дээрх арилжааны банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэх заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Өдгөө уг хэрэгт нь “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд хохирогчоор тогтоогдоод буй билээ.
Н.Баяртсайхан 2021 онд хэрэг нээн шалгах үед хил давж, АНУ-д очсон байдаг. Түүнийг 2024 оны аравдугаар сард эх орондоо ирэхэд нь хууль сахиулагчид саатуулж, цагдан хорьсон ч шүүх суллан, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Баяртсайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн зарим өмгөөлөгч нь тайлбарласан бөгөөд хилээр гарч, АНУ руу оргосон үед нь уг хугацаа зогссон байдаг. Үүнийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шүүгч Г.Хатанцэцэг дүгнэснээр прокурорын хяналтад буцаажээ.