Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас хүүхдийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч, хүн ам зүйн бүтцэд ноцтой өөрчлөлт орж буйг анхааруулав. Тодруулбал, 15 хүртэлх насны хүүхдийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 13.29 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 350 мянгаар цөөрсөн үзүүлэлт юм. Ингэснээр нийт иргэний дунд тэдний эзлэх хувь 10.8 болж буурсан аж. Өөрөөр хэлбэл, тус улсад хүүхдийн тоо 45 дахь жилдээ дараалан “хумигдаж” байна. Түүнчлэн шинээр мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн арван жилийн турш тасралтгүй буурч, 2025 онд 705 809-д хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт боллоо.
НҮБ-ын судалгаагаар 40 саяас дээш хүн амтай дэлхийн 38 орноос тус улс багачуудын эзлэх хувиар сүүлээсээ хоёрдугаарт жагссан аж. Тиймээс хүн ам зүйн энэхүү хямралыг даван туулахын тулд Японы Засгийн газраас 2030 он хүртэлх хугацааг “сүүлчийн боломж” хэмээн зарлаж, хүүхэдтэй гэр бүлүүдэд үзүүлэх санхүүгийн тэтгэмжийг шат дараатай нэмэгдүүлж буй ч бодит үр дүн төдийлөн гарахгүй байна. Уг нөхцөл байдал нь ирээдүйд ажиллах хүчний хомсдол үүсгэхээс гадна нийгмийн хамгааллын тогтолцоонд асар их дарамт учруулахаар байгаа тул төрөлтийг дэмжих илүү үр дүнтэй, цогц бодлого зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо.
Э.Сүйлэн