Ган үйлдвэрлэлээр мэргэшсэн БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниуд санхүүгийн дарамттай үеийг туулж байгаа төдийгүй энэ нөхцөл байдал он дуустал үргэлжлэх төлөвтэйг шинжээчид онцоллоо. “Блүүмберг”-ийн мэдээлснээр тус салбарт макро эдийн засгийн хоёр томоохон сөрөг хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж буйн улмаас ашгийн хэмжээ нь эрс хумигдсан талаар бичжээ. Тодруулбал, энэхүү хүндрэлийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн зардал болон эрэлтийн сулрал аж. Ган үйлдвэрлэгчид түүхий эдийн өндөр үнэтэй тэмцэж буй. Үүний зэрэгцээ бэлэн ган бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт мэдэгдэхүйц саарсан нь үйлдвэрлэлийн зардлаа эцсийн хэрэглэгчдэд үнэ нэмэх замаар шилжүүлэх боломжийг хуулиар хязгаарласантай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүний дотоодын болон олон улсын хэрэглээ саарсан нөхцөлд үйлдвэрлэгчид зардал болон борлуулалтын үнийн зөрүүг өөрсдөө хүлээхээс өөр аргагүй болж байгаа юм.
Ган нь дэд бүтэц, барилга, хүнд машин үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг учраас тус салбарын ашгийн түвшин удаан хугацаанд хасах үзүүлэлттэй байх нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ болон макро эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. БНХАУ-ын гангийн гарц өнгөрсөн долоодугаар сард багагүй буурснаар жилийн нийт үйлдвэрлэл нь сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрсэн юм. Тухайлбал, зургаадугаар сард нийт 76.93 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан дүн аж. Үл хөдлөхийн эрэлт буурснаар барилга, дэд бүтцэд ашиглагддаг арматурын спот үнэ сүүлийн 10 жилийн доод түвшиндээ дөхөөд буй юм.
Д.Хэрлэн