Монгол Улс, ОХУ-ын Зоонозын өвчин судлалын байгууллагын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг өнгөрсөн сарын 14-31-нд хийж дуусжээ. Хамтарсан багийн гишүүдийг Хөвсгөл аймгийн ЗДТГын дарга Г.Гандэлгэр өчигдөр хүлээн авч уулзан, тандалт, судалгааны явц, үр дүн, тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцсон байна.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс өнгөрсөн долоодугаар сард хийсэн тарваган тахлын голомтын тандалт болон энэ удаагийн хоёр орны хамтарсан судалгааны лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахал үүсгэгчийн өсгөвөр илэрч, байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ. Иймд идэвхижсэн голомтыг эрүүлжүүлэх, хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор шимэгчгүй болгох арга хэмжээг зохион байгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн аж. Ташрамд өгүүлэхэд, энэхүү тандалт, судалгааг 2029 он хүртэл тогтмол зохион байгуулах гэнэ. Ингэснээр хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын нөхцөл байдал, эрсдэлийг хамтран үнэлж, хүн амыг уг халдвараас урьдчилан сэргийлэх юм.
Ч.Болор