Олон улсын охидын өдөр өчигдөр тохиосон бөгөөд үүний хүрээнд “Because I am a girl” чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. НҮБ-аас зарласны дагуу жил бүрийн аравдугаар сарын 11-нийг дэлхий даяар охидын дуу хоолойг сонсох, тэдний эрх, аюулгүй байдал, манлайлал, ирээдүйн сонголтын талаар хамтдаа ярилцах зорилгоор эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирэв.
Манай улс “Because I am a girl” чуулганыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, охидын эрх, оролцоог дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь олон нийтэд таниулж, тэдний хэрэгцээ, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг нь сонссон юм. Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа “Охид зөвхөн хамгаалуулах шаардлагатай бүлэг бус, амьдрал, гэр бүл, сургууль, нийгэмдээ өөрчлөлт авчрах чадавхтай, аюулгүй орчинд өсөж, өөрийнхөө төлөө сонголт хийх эрхтэй. Охидын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө бид тууштай ажиллана” гэв.
Мөн энэ үеэр хүүхдүүдийн санаачилсан “Би охин болохоор” бичил төслийн уралдаанд шалгарсан таван төслийг танилцуулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Олон улсын охидын өдрийн хүрээнд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарынхан тэдний эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг, арга хэмжээ өрнүүлэв.
М.Гэгээ