Говь-Алтай аймгийн Цогт сумд өнгөрсөн долоо хоногт ямааны годрон өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл уг өвчний үүсгэгч нь БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн “Арвас” үүлдрийн ухна гэдгийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, ийм ухнуудыг үржлийн мал борлуулдаг “Саятан сүрэг” цахим худалдаанаас дээрх аймгийн Цогт, Дэлгэр сум мөн Төв аймгийн малчдад зарсан юм байна. Уг цахим сайтын эзэмшигчид нь үржлийн мал, амьтан оруулж ирэх зөвшөөрөлгүй, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-тай хамтран ажилладаггүй гэнэ. Үүнээс гадна “Саятан сүрэг”-ийнхэн годронгийн эсрэг вакциныг иргэдэд санал болгосон аж. Түүнчлэн Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг 12 аймгийн, 13 сумд мөн ухна борлуулсныг тогтоожээ. Тиймээс тухайн бүс нутгийн ямаан сүргийг хяналтад авсан гэнэ. Мөн ХХААХҮЯ болон МЭЕГ- ынхан Тагнуулын болон Цагдаагийн ерөнхий газрынханд “Арвас” ухныг хэзээ, аль боомтоор, хэрхэн оруулж ирснийг нь шалгах хүсэлт өгч, шалгалтыг холбогдох байгууллагууд нь эхлүүлжээ.
Манай улсад 1950-иад оноос хойш годрон бүртгэгдээгүй учраас эсрэг вакцин байхгүй. Тиймээс МЭЕГ, “Биокомбинат” ТӨХХК хамтран өвчтэй ямааны эдийн дээжээс авч, вакцин гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Годронгийн үед антибиотик эмчилгээ тус болдоггүй, өвчтэй малыг устгах, эрүүлд нь вакцин хийх л боломжтойг МЭЕГ-аас дурдлаа.
С.Дулам