Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 000 төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг сая төгрөг болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр товлосон юм. Гэвч ирэх оны улсын төсвийн төсөлд цалин хөлсийг хуучин хэмжээгээр тусгасан талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ныхон өчигдөр мэдээлэл өглөө.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хуулийн дагуу инфляц, амьжиргааны болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин, эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан үзэж, хоёр жил тутамд шинэчилдэг. Үүний хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн. Гэтэл салбарын сайд хайхрамжгүй мэдээлэл хийж, ирэх оны улсын төсөвт зохих өөрчлөлтийг тусгасангүй. Үүнийг бид яавч хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Түүнчлэн тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь нарийн мэргэжил, ур чадвар шаарддаггүй хамгийн энгийн ажил, мэргэжлийн хувьд олгох цалингийн доод хязгаар болохыг тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч үүнээс бага хэмжээний цалин тогтоох боломжгүй аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр нь зөвхөн төрийн албан хаагчдад хамаарахгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтны цалингийн доод хязгаарт мөн нөлөөлөхийг тус холбооныхон онцоллоо.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр зарим салбарын цалингийн доод босго ч дагаад өсөх аж. Тухайлбал, уул уурхайн салбарын мэргэжлийн үндсэн цалин багадаа хоёр сая төгрөгт хүрэх гэнэ. Үүнээс гадна иргэний нисэх, эрчим хүч, авто тээвэр, харилцаа холбооны салбарын цалингийн доод хэмжээ мөн зохих хувиар нэмэгдэх юм.
У.Цэцэг