Хил хамгаалах ерөнхий газар болон ХЭҮК-ын дэргэдэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтран хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт явуулж байна. Эл сургалт нь алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлээд зогсохгүй албан үүргээ гүйцэтгэх явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, хүний нэр төрийг доромжлох аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хэлснээр сургалтын гол зорилго нь алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхээс гадна анги, байгууллагадаа хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх чадвартай багш бэлтгэхэд оршиж буй аж. Ингэснээр сургалтад хамрагдсан алба хаагчид өөрсдийн ажиллаж буй анги, байгууллагынхаа хамт олонд мэдлэг, ойлголтоо түгээх боломж бүрдэх юм.
Дотоод, гадаадын судлаач, шинжээчдийн оролцоотойгоор олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байна. Эхний өдрийн хичээлээр анги, байгууллагад гарч болзошгүй зөрчлийг хэрхэн таньж илрүүлэх, хүнлэг бус харилцааг ялган ойлгох, цэргийн дүрэм, журмыг хүний эрхийн зарчимтай уялдуулах арга зүйг судлав. Мөн тушаал, шийдвэрийг биелүүлэхдээ хүний эрхийг хэрхэн хангах, дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцыг үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх талаар мэдлэг олголоо.
Харин дараагийн шатанд эрх нь зөрчигдсөн, хохирсон хүнийг хэрхэн таних, анхан шатны тусламж үзүүлэх, хамгаалалтад авах, улмаар холбогдох байгууллагад шилжүүлэх дарааллыг заах аж. Оролцогчид мэдлэгээ бататгахын тулд модуль бүрийн төгсгөлд шалгалт өгч, дадлага ажил гүйцэтгэн, нэгнээ харилцан үнэлэх хэлбэрээр суралцаж байна.